ТОЙМ: Ээлжит бус чуулган хаалтаа хийж, Д.Эрдэнэбат нарт ял оноов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ СУНГАВ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан наймдугаар сарын 25-ны өдөр болж "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙГ БАТЛАВ
УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратегийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зээлийн хүүгийн стратегийг УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон 58 гишүүнээс 32 нь дэмжиж, 55.2 хувийн саналаар батлагдав. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүг бууруулах стратегийг бодитой хэрэгжүүлэх арга хэмжээг УИХ-ын Намрын чуулганаар оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.
СЕХ-НЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛОВ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа илэрхийлж байсан боловч сонгуулийн дундуур албан тушаалын халаа сэлгээ хийгээгүй" гэв.
УИХ-Д АРДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүд УИХ-д Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Лобби бүлэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллаж эхэлснээ мэдэгдэв. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй болох, Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн бүх эмнэлэг ижил тарифаар иргэдэд үйлчлэх учир улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, хөнгөлөлттэй үнэтэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгыг болиулж, аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгодог болох зэрэг шинэчлэлийн ажлууд багтжээ.
КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн Кэмбриджийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх хичээлийг англи хэл дээр үзнэ гэсэн юм байхгүй. Хос хэлээр хичээлээ үзнэ. Сод ухаантны боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь энэ лобби бүлгийн гол зорилго. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж” гэлээ.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨХӨӨР БОЛОВ
УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжлээ. Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан хоёр настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах”-ыг УИХ-ын гишүүн П.Анужин санал гаргаж дэмжигдсэн юм.
Д.ЭРДЭНЭБАТАД 4.5 ЖИЛ, САНГИЙН САЙД АСАН Б.БОЛОРТ 3.5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж, есөн өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилж дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар:
§ Шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар,
§ Шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
АНХДУГААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
Найм дахь парламентын анхдугаар ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ны өдөр эхлэн ажлын 10 хоног хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. Ээлжит бус чуулганаар бие даасан тав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, УИХ-ын 11 тогтоол баталлаа.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Түүнчлэн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийг хэлэлцэн шийдвэрлэв.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ