АХБ болон ИНБ-ын хамтын ажиллагааны тайлан гарлаа

АХБ нь 2019 онд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай төслийн үе шат бүрт нягт хамтран ажиллаж, тэдний туршлага, шинэ санааг үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлжээ. Уг хамтын ажиллагааны тайлангийн хэсгээс хүргэж байна.


“Гэр хорооллын тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд:


АХБ нь “Түгээмэл Хөгжил Төв” зэрэг ИНБ-уудтай хамтран төслийн суурь судалгааг хийж, бусад оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, 2019 оны 4, 5 дугаар саруудад төсөл хэрэгжих байршилд амьдарч буй иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ингэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын бүлэг болох нийт 90 гаруй нутгийн иргэдийг оролцуулан, нийтийн тээвэр болон түүний үйлчилгээг хэрхэн сайжруулж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь тусгаж ажиллалаа.


Жендерийн тэгш байдлын хөтөлбөр дэх ИНБ-уудын оролцоо:


АХБ нь Монгол Улсын Жендэрийн тэгш байдлын хөтөлбөрийг үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд ИНБ-уудад дэмжлэг үзүүлэх зорилготой техникийн туслалцааны төслийг 2019 оны 7 дугаар сард эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь бага орлоготой иргэдийг дэмжсэн, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, дадлагажуулан сургах аргачлалаар дамжуулан АХБ-ны ИНБ-уудтай явуулж буй хамтын ажиллагааг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилготой юм. Төсөл нь 21 аймаг дахь ИНБ-уудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн учраас төслийн дизайныг боловсруулахад жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудын дунд зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь тусгасан. Түүнчлэн ИНБ-уудыг оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээний аргад суралцуулж, улмаар жендерийн дэд хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ хийлгэн тодорхой хэмжээний тэтгэлэг олгох замаар төслийн хэрэгжилтийн явцад ч тэдний оролцоог хангах юм.


ИНБ-уудын чадавхыг сайжруулах хүрээнд:


Өнгөрөгч 2019 оны 10 дугаар сард “АХБ-ны үйл ажиллагаанд ИНБ-уудын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан. Сургалтад нийт 31 ИНБ амжилттай оролцсон бөгөөд сургалтын хүрээнд АХБ-ны бодлого, улс орны хөтөлбөр боловсруулах болон төслийн түвшинд ИНБ-уудын хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.


"Иргэний нийгмийн зөвлөлдөх хороо" байгуулагдав:


АХБ нь “Иргэний Нийгмийн Зөвлөлдөх Хороо”-г байгуулан ажиллаж байна. Тус хороо нь АХБ-ны үйл ажиллагааг ИНБ-уудтай холбох болон тулгарч буй сорилтууд, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлох чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах юм.


Дэлгэрэнгүй тайланг дараах линкээр үзнэ үү:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ