"Тусгаарлах байрнууд дунд хорхой шавжид баригдсан, хүн байрлаж болохооргүй газар байхгүй"

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Наймдугаар сард багтаан 4000 гаруй иргэнээ татан авах зорилтоо биелүүлсэн. Өнөөдөр нийт 3684 хүн гэрийн ажиглалтад байна. Тусгаарлах байрны өвлийн бэлтгэлийг хангах шаардлагатай байна. Мөн зочид буудал, амралтын газрын ажилтнууд удаан хугацаагаар тусгаарлагдах байранд байрлан ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсээр байна.

Хорхой шавжид баригдсан, хүн байрлаж болохооргүй газар тусгаарлах байрнууд дунд байхгүй. Бид гомдлын мөрөөр тухай бүрт нь залруулахаар ажиллаж байна. Тусгаарлах байранд гаргаж байгаа асуудлыг бид ард иргэддээ ярихгүй байгаа. Тэр болгоныг өөрсдөө шийдэх гээд ажиллаж байна. Зарим газрууд хивс, аяга тавгаас эхлээд шинээр худалдаж авсан нь ч бий. Тусгаарлан ажиглалтад байгаа хүмүүс ус, тог их хэрэглэдэг. Үүний улмаас урсгал зардал өндөр гарч байна. Албан байгууллагууд эл асуудлыг өөрсдөө зохицуулж байгаа.


Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Есдүгээр сарын 9-нд хийхээр төлөвлөсөн нислэгийг гурав хоног хойшлуулж есдүгээр сарын 12-н болгож хойшлуулсан. Иргэд маань ойлгоно байх гэж найдаж байна. БНСУ-д халдварын хоёр дахь давлагаа дэгдэж байна. Тиймээс иргэдээ тухайн байгаа орныхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиасай гэж хүсэж байна.


ЦЕГ: Коронавирусийн шинжилгээ өгөхгүй, эх орондоо ирээд хятад буудалд байрлахгүй зэргээр гомдол мэдүүлж төрийн албан хаагчдын ажлыг хийлгэхгүй байна. Сүүлийн үед ажиглах байрны гадаа очсоны дараа энэ байранд орохгүй хэмээн голох тохиолдол гарч байна. Энэ мэт асуудал үүсгэх нь төрийн үйл ажиллагааг явуулахад бэрхшээл үүсгэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ