Тархины саажилттай хүүхдүүдэд туслах “Гэрэлт ирээдүй” төслийг эхлүүллээ

Тархины саажилттай хүүхдүүдэд туслах “Гэрэлт ирээдүй” зорилтот төслийг эхлүүлж, хандивын аян өрнүүлж байгаа талаар мэдээллээ.

Төслийг Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Шинэ Хос Номин Оюу” ТББ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байгаа юм.


Төслийн ерөнхий менежер Г.Төмөрчулуун “Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачлагаар “Шинэ хос Номин Оюу” ТББ-ийн үйл ажиллагаанд түшиглэж тархины саажилттай хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлтэй хүмүүсээс дэмжлэг авах “Гэрэлт Ирээдүй” хандивын аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн тархины саажилттай 30 хүүхдийг сонгон авч хүүхдүүд өөртөө үйлчлэх чадвартай болгох, танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх замаар боловсрол олгох, мөн тэдний эцэг эхэд сэтгэл зүйн, амьдрах ухааны, бариа засал болон хөдөлгөөн заслын сургалт орох, эрүүл мэндийг дэмжих болон халамжийн үйлчилгээ үзүүлнэ” хэмээв. 


“Шинэ хос Номин Оюу” ТББ-ийн тэргүүн Ц.Мэнжээ гэрээрээ тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан асаргаа, сувилгаа хийдэг байжээ. Харин 2013 онд ТББ-аа үүсгэн байгуулж, ТББ-ын үйл ажиллагаанд тулгуурлаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх тусгай тоноглол бүхий эмчилгээ, асаргаа сувилгааны зориулалттай барилгын ажлыг эхлүүлсэн байна. Барилгын ажлын талаар тэрбээр хэлэхдээ "Одоогоор тус барилгын суурийн цутгалт хийгдэж, нэг давхарын блок дүүргэлт тавин хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Барилга ашиглалтанд орсноор тархины саажилттай 30 хүүхдэд тогтмол эмчилгээ, асаргаа хийх боломжтой болохоос гадна манай байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрөөс дэмжлэг авах хууль эрх зүйн орчин бүрдэх юм” гэлээ. 


Энэхүү барилгыг бүрэн ашиглалтанд оруулах болон 30 хүүхдийг эмчилгээ, асаргаа сувилгаанд хамруулах төсвийг бүрдүүлэх зорилгоор уг ханвидын аяныг зарлаж “Нэг хүн-Нэг мянга, Гэр бүл-Гэр бүлдээ тусалья” давалгааг сошиал орчинд өрнүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ