Өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна. Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.
Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм.
Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ