Мэргэжлийн яндан хөөлөгч бэлтгэж байна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос улс оронд даяар өрнүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд “Таван толгой түлш” компанитай хамтран мэргэжлийн яндан хөөлөгч бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчин байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залуусыг мэргэжлийн яндан хөөлөгч болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, "Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид Улаанбаатар хотын ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн зөвхөн аян зарлаад өнгөрөх биш энэ хүрээнд хийх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” гэв.


Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Тэднийг ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарна. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэх аж:

Тус сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгэжээ. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөх гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа аж.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал, Яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой мэдлэгийг нэг бүрчлэн үзүүлэн зааж байна. Сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэсэн ажилчдыг маргаашнаас нь инженерүүдийг дагалдуулан дуудлагад гаргадаг” гэлээ.

Суралцагч У.Амарболд, “Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа. Яндан хөөлөгч ямар хэрэгтэй юм гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл энэхүү сургалтаар хүмүүс яндангаа хэр дутуу хөөлдөг, түүнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлголоо. Сургалтад суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна”

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1500 гаруй дуудлага хүлээн авчээ. Үүнээс засварын бригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ