Tомуугийн вакцин 46-48 мянган төгрөгөөр хийж байна

Улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг эрүүл мэндийн салбарынхан зөвлөдөг. Томуугийн вакцин нь ханиад томуунаас сэргийлэх дархлаа тогтоох чадвар бүхий тарилгын шингэн бөгөөд ДЭМБ-аас тухайн жилд тархах магадлалтай вирусийн омгуудын найрлага бүхий вакциныг хийлгэхийг санал болгодог.

Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан.

Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийнэ. Энэ жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцин нь бага насны хүүхдийн амь насанд эрсдэлтэй, өндөр халдварлалттай халдваруудаас сэргийлдэг сэргийлэлтийн арга юм. Вакцины үр дүн манай улсад өндөр байдаг бөгөөд бид аюулгүй, чанартай вакциныг хэрэглэж байгаа. Энэ жилийн хувьд зорилтот бүлгийн хүн амд томуугийн дархлаа тогтоох вакцинаа хийнэ. Зорилтот бүлгийн хүн амд байнгын болон түр явуулын цэгүүдээр дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулдаг. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд ордог бөгөөд эцэг эхэд нь урьдчилж мэдээлэл өгсний үндсэн дээр дархлаажуулалтыг хийдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зорилтот бүлгийн хүн амд ордог жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээ дархлаажуулалтад хамруулдаг. Үүнээс гадна тодорхой хувийг сайн дурын дархлаажуулалтаар буюу иргэд төлбөрөө төлөн хийлгэдэг. ХӨСҮТ дээр эдгээр иргэдэд үйлчлэх дархлаажуулалтын нэг нэгж ажилладаг. Тиймээс иргэд, олон нийт томуугийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэлд итгэлгүй албаны эх сурвалжтай мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөе" хэмээн мэдээлсэн.

ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтаар томуугийн вакцин хэдэн төгрөгөөр хийх нь одоогоор эцэслэн тодорхой болоогүй байна. Өнгөрсөн жилүүдэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан иргэдэд 15 мянган төгрөгөөр томуугийн вакцин хийж байсан юм.

Түүнчлэн энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг тодрууллаа.

"ХӨСҮТ-д томуугийн вакцин хараахан ирээгүй байна. Есдүгээр сарын сүүлээр орж ирэх байх" хэмээх хариултыг албаныхан өгсөн.

Харин зарим хувийн эмнэлгүүдийн тухайд БНСУ-аас оруулж ирсэн томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийгээд эхэлсэн байна. Ингэхдээ вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв. Тухайлбал,

“Интермед" эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас/ 46 мянган төгрөгөөр, өдөр бүр 20:00 цаг хүртэл хийж байна.
“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас / 48 мянган төгрөгөөр хийж байна.

"Family klinic", Гранд мэд, "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ