"Нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд суралцуулснаас 3000 хүүхдийг харах үйлчилгээнд явуулсан нь дээр"

Хүүхэд харах үйлчилгээ бодит байдал дээр хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл хийлээ.
Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат "Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлэх гэж байна.
Энэ үйлчилгээнд төлөвлөсөн хоёр тэрбум төгрөг нь 3000 хүүхдийг он дуустал хамруулах хэмжээний мөнгө юм. Хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг буруутгаж, цэцэрлэг барихыг дэмжих хүн их байна. Гэхдээ хоёр тэрбум төгрөг бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд суралцуулах уу, 3000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд явуулах уу гэдгийг бодох хэрэгтэй байх" гэлээ.
Энэ жил хоёр настай 74 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ үлдээд байгаа юм. Гэвч тэднээс ердөө 3000 нь он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах аж.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсанаар 2016 оны дөрөвдүгээр сард анхны төв байгуулагдаж байв. Өдийг хүртэлх хугацаанд 21 мянган орчим хүүхэд хамрагдаж, 1100 гаруй хүүхэд харагч бэлтгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ