Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдав

Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Баян-Өндөр суманд “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль зохион байгуулагдлаа. Тус сургууль нь Гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах зорилготой.


Энэ удаагийн гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн “Гамшигт тэсвэртэй хотууд төсөл”-ийн хаалтын ажиллагаа болж байгаагаараа онцлог юм.



Сургууль бэлтгэл ажлын үе, зарлан мэдээлэл бэлэн байдлыг хангах ажиллагаа буюу нэгдүгээр үе, “Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх” шийдвэр гаргах, хохирлын үнэлгээ хийх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаа буюу 2-р үе, гамшгаас хамгаалах дадлага сургалт, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ гэсэн нийт дөрвөн үе шаттай явагдлаа.


Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга бөгөөд сумын онцгой комиссын дарга С.Ганцогт, ОБГ-ын орлогч урьдчилан сэргийлэх комиссын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дэд хурандаа Д.Золжаргал нар оролцлоо гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ