Хилчдийн өдрийг тохиолдуулан ахмад дайчдад гэр олголоо

Өнөөдөр “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-оос нийгмийн хариуцлагын хүрээнд саяхан болж өнгөрсөн Танкчдын өдөр, удахгүй 17-ны өдөр болох Хилчдийн өдрийг тохиолдуулан ахмад дайчдын төлөөлөлд  иж бүрэн гэр олгов.


Ахмад танкчин Д.Дагвабазар нь 1981 оноос эхэлж Зүүнбаянгийн 138 дугаар танкийн хороонд алба хааж эхэлснээр тэтгэвэртээ гарсан аж. Харин одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт гэр бүлийн хамтаар амьдардаг. Энэ онд гэр нь шатаж, гэр бүлийн хүн нь 50 хувийн түлэгдэлтэй, өөрсдийн гэр оронгүй болж хүндхэн нөхцөлд аж төрж байжээ.


Харин Д.Баяцоо 1968 оноос эхэлж Монгол Улсынхаа хилийн манаанд ажиллаж, зүтгэж ирсэн нэгэн. Одоо хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хотод амьдран суудаг Мөн л өөрийн гэсэн гэр оронгүй, хүүхдүүдийнхээрээ амьдардаг байжээ.


Ийнхүү баярынхаа өдрийг угтаж дээрх ахмадууд өөрийн гэсэн гэртэй болж, голомтоо бадраасан сайхан үйл явдал боллоо. Төрийн цэргийн бүхий л байгууллагыг нэгтгэж, тэдгээр байгууллагад насаа өгсөн ахмадуудаа хүндлэн, анхаарах болсонд талархаж буйгаа ахмадууд илэрхийлж байв.


 
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд ажилладаг. Тус байгууллага эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх олон түмнийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулах, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа , үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Холбоо байгуулагдсан цагаас Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, алба хаагчдын алба хаах нөхцөл, бололцоог сайжруулах,эдгээр байгууллагуудаас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудын нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулжээ.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ