МХЕГ-ын дарга асан Н.Баярсайхан нарыг шүүх хурлыг дахин хойшлууллаа

МХЕГ-ын дарга асан Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 21-ны даваа гараг хүртэл дахин хойшлууллаа.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлож, шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
(Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс)
Хэргийг эргэн сануулахад, 2019 оны долдугаар сарын 29-ний өдөр АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ