Тусгаарлагдаж буй иргэд "туршилтын туулай" болсоор байх уу?

Монголд коронавирусийн тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн учир дотоодод халдвар тараахгүйн үүднээс хилийн хорио үргэлжилж  байгаа билээ. Гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажиллагааг УОК хариуцаж буй.  Тэдний хувьд гадаадаас ирж Монголдоо тусгаарлагдсан иргэд онцгой байдлын үеийн дэглэмийг зөрчих, дураараа авирлах, бусдын шаардлагыг үл тоох хандлага гаргаж буйг үргэлж мэдээлж, анхааруулдаг.


Үүнтэй холбоотойгоор тусгаарлагдаж буй иргэдийн тухай сайн, саар мэдээнүүд өдөр бүр хөвөрсөөр. Өчигдөр л гэхэд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлсэн. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдсан 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д ханджээ. Одоогоор хордлого авсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд холбогдох шинжилгээг авсан аж. Энэ бол тусгаарлагдаж буй хүмүүст хариуцлагагүй хандсан үйлдэл мөнөөсөө мөн.


Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 3000 гаруй иргэн тусгаарлагдаж буй. Эдгээр хүмүүс нь гадны орнуудад хагалгаанд орсон, эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүс бөгөөд эхэлж авчирч байгаад ард түмэн талархаж байгаа. Гэтэл ээж, аавдаа хов зөөх хүүхэд шиг “Мөөгтэй хоол идэхгүй гэж уйллаа, варьентай талх шидлээ, эмч нараараа хоол зөөлгөж буй азтай хүмүүс” гэх мэтийн мэдээллийг хариуцлагатай албан тушаалын хүмүүс нь албан мэдээндээ өгч, ард иргэдээ турхирч байгаа нь хэр зохистой вэ.


Эмч, онцгой, цагдаа, хүчнийхэн, төрийн албаныхан маань цаг наргүйгээр, эрсдэл дунд сайн ажилллаж байгааг нь ард түмэн харж, ойлгож байгаа. Гэтэл төр засгийн шийдвэрээр тусгаарлаж буй 3000 иргэнийг баалж, 2-3 болчимгүй хүний ааш авирын төлөө нийтээрээ тэгсэн мэт сошиалаар турхируулж буй нь ёс зүйгүй санагдах.


Угтаа уулын мод урттай богинотой. Хүн бүр л олон янзын ааш араншинтай. Дээр нь хязгаарлагдсан орон зайд олон хонож, цоожтой хаалганы цаана хөл хорионд байхад хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлнэ. Тиймээс дэлхий нийтээр гамшгийн үеийн сэтгэлзүйн тухай ярьж, зөвлөж байна. Үүгээрээ тусгаарлалтын шаардлага дагахгүй, элдэв авир гаргаж зодоон цохион хийж талх хоолоо шидэж буй хүмүүсийг өмөөрөх гэсэнгүй.

Гол нь тэр болохгүй бүтэхгүй ааш гаргаад байгаа нөхдийг шийдвэрлэх хууль журам, гамшгийн үед авах арга хэмжээ гэж бий. Түүгээрээ шийдээд, тэндээ зохицуулаад явах нь хуультай, дүрэмтэй төрийн үүрэг. Нөгөө талдаа тусгаарлагдаж буй иргэд өөрсдийнх нь төлөө нойр хоолоо умартан ажиллаж буй албаны хүмүүсээ ойлгож хүндэтгээд тавьсан шаардлага, хүлээсэн үүргээ ягштал биелүүлж хаа, хаанаа хариуцлагатай байж цар тахлыг давмаар байна шүү. 

 


Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ