"Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах төсвийг баталж, нийгмийн ажилтны тоог хангалттай болго"

Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн ээж, аавууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр "Хүүхдүүдээ аваръя" уриатай жагсаал хийлээ. Жагсаалд оролцсон иргэд хороо, дүүргийн нийгмийн ажилтны тоог нэмж, хүүхэд хамгааллын төсвийг хангалттай батлахыг шаардаж байгаа юм.


"Хүний эрхийн индэр" ТББ-ын тэргүүн Ц.Баттуяа "Монголд хүүхдийн амьд явах эрх алдагдаж, хамгаалалтгүй байгаад төр засгийг буруутгаж байна. Цар тахалтай холбоотой дэлхий дахинд хүчирхийллийн гаралт гурав дахин нэмэгдсэн. Хүчирхийлэлтэй холбоотой хангалттай хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Хуулийг дагаж мөрдөх 30 гаруй журам баталсан ч журмын хэрэгжилт маш сул байна.


Тэдгээр журмыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг, хорооны засаг даргаар ахлуулсан цагдаа, нийгмийн ажилтан, сургууль, өрхийн эмнэлгээс хамтарсан баг бий. Гэвч тэднийг хүртээмжтэй ажиллуулахад орон нутгийн ИТХ хангалттай төсөв батлахгүй байна. Хамтарсан багийн үйл ажиллагааг санхүүжүүлэх журам гэж бий. Журмаар жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон.

Гэтэл нийслэлийн засаг дарга энэ төсвийг батлахгүй байгаа атлаа 3 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьжээ. Мөн 200 сая төгрөгөөр гадаадад аялах төсөв баталсан байна. Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах төсвийг баталж, нийгмийн ажилтныхаа тоог хангалттай болгох хэрэгтэй. 


Мөн нийслэл, аймгийн засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарт хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар ч ойлголт алга. Үүнийг ямар чухал асуудал гэдгийг ойлгохгүй, усан оргилуур, аялал жуулчлалыг дээгүүр тавьж байна. Иймээс энэ талын ойлголттой хүнийг сонгомоор байна" гэлээ. 


Мөн тэдний зүгээс "Засгийн газрын 2010 онд баталсан тогтоолын дагуу 5000 хүн ам тутамд нэг нийгмийн ажилтан ажиллах ёстой. Гэвч өнөөдөр 20 мянга гаруй хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Хотын удирдлагууд хүүхдүүдээ хамгаалж, хариуцлага хүлээх ёстой, хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олго" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ