Чех технологийн яндан хэрэглэсэн 348 өрх түлшний зардлаа 17-40 хувь хэмнэжээ

Улаанбаатар хотын өвөл монгол гэрт амьдардаг өрхөд нэлээд хүнд тусдаг. Тэгвэл  агаарын бохирдол, дулаан алдагдлыг бууруулахад туслах зорилгоор Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамнаас тус улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Чехийн Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага, “Экономи энержи хийц” компанитай хамтран өнгөрсөн жил Чехийн шинэ бокра(яндангийн төхөөрөмж)-гийн технологийг Монголд үйлдвэрлэлд нэвтрүүлж, угаарын хий мэдрэгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны 348 өрхөд хүлээлгэн өгсөн.


Тэгвэл дээрх төслийн түншүүдийн тооцоолсноор уг төсөлд хамрагдсан 348 өрх түлээ түлшний зардлаа 17-40 хувь хэмнэж, хэмнэсэн мөнгөө үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах боломж гарснаас гадна нийслэлийн агаарын бохирдлын түвшинг бууруулахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэжээ.


Түүнчлэн дээрх төслийн үр дүнгийн талаар БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский “Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд бид агаарын бохирдол өндөр түвшинд байгаад маш их санаа зовдог учир агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг дэмжиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсандаа туйлын их баяртай байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ