Т.Мөнхсайхан: Нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үзүүлдэг болно

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Мөн хавдрын болон мэс заслын тусламж үйлчилгээг энэ эмнэлэгт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.\
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүд мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хамт хийгдээд энэ нь тухай эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Зарим шаардлагатай тусламж үйлчилгээг төвлөрүүлнэ. Үүний нэг нь эмгэг судлалын үндэсний төв. Унтуулгын аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр эмнэлгийн нөөцийн мэдээллийн дагуу хэрэгцээтэй эмнэлгүүдэд ирэх долоо хоногтоо багтаан хангана” гэлээ.
ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр “Манай эмнэлэг иргэддээ оочер дараалал үүсгэхгүй байх үүднээс цаг захиалгын цахим системийг бүрэн нэвтрүүлсэн. Гэвч цаг захиалсан иргэдийн 40 хувь нь үзүүлэх цагтаа ирдэггүй. Өөрөөр хэлбэл хүчингүй болдог. Тиймээс бид энэ тал дээр хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүмүүстээ үйлчлэх арга замыг зохион байгуулна. Мөн манай эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж, чиглэл, арга зүйн дэмжлэг авч байна. Бид ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date програмыг нэвтрүүлэх зорилт тавьсан ” гэдгийг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ