"Хараа тэглэх хагалгааг бүх хүнд хийж болдог гэж ойлгож болохгүй"

Сүүлийн үед ухаалаг гар утасны хэрэглээ ихэссэнээс үүдэн хараа муудах эмгэг олон нийтийн дунд түгээмэл байгаа учраас хараа тэглэх хагалгааг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Энэхүү хагалгааг хийлгэхийн тулд юуг анхаарах, хэрхэн гам барих талаар “Болор мэлмий” нүдний эмнэлгийн их эмч Б.Цэцэгжаргалаас тодрууллаа. 



-Манай улсад хэзээнээс хараа тэглэх хагалгаа хийж эхэлсэн бэ. Энэ нь яг ямар төрлийн хагалгаа вэ? 



-­Хараа тэглэх гоо сайхны хагалгааг Монголд 2005 оноос хийж эхэл­сэн. Энгийн үгээр тайлбарлавал нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүл гэрлийг хугалж нэвтрүүлж байгаа хэлбэрийг өөрчлөнө гэсэн үг. Ингэхдээ торлогийн наана юм уу цаана тусаж байгааг л торлог бүрхүүл дээр нь тусгадаг болгож засна. Ерөнхийдөө лазераар эвэрлэг бүрхүүлийн гадна бүрхүүлийг хавтгайлж өөрчилж байгаа үйл явц юм. 


-Хараа тэглэх хэдэн төрлийн хагалгаа хийж байгаа вэ? ­


-Хоёр төрлийн хагалгаа хийдэг. Тодруулбал, хоёр сая гаруй төгрөгийн хагалгаа нь тусгай хутгаар зүслэг хийж шарх үүсгэнэ. Харин дөрвөн сая төгрөгийн үнэтэй хагалгаа мэс ашиглахгүйгээр лазерын технологийн тусламжтай хийдэг.


-Энэхүү хагалгааг хэзээ хийлгэх нь тохиромжтой вэ. Улирал заадаг уу? 


-Хэзээ ч хийлгэх боломжтой. Улирал заадаггүй.


-Бүх хүмүүс хийлгэх боломжтой юу. Хориглох зүйл бий юу? ­


-Хараа тэглэх хагалгааг 20-­45 насныхан хийлгэх нь тохи­ромжтой байдаг. Гэхдээ бүх хүнд хийж болдог гэж ойлгож болохгүй. Эхлээд нарийн шин­жилгээ өгөх ёстой. Олон шаттай шинжилгээний дараа хийлгэж болох уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг. Зарим шаардлагатай тохиолдолд шинжилгээний дараа эмчилгээ хийлгэж байгаад хийлгэх боломжтой. Энэхүү хагалгааг жирэмсэн, хөхүүл хүнд хийхгүй. Мөн нүдний зарим нэг хавсарсан эмгэгийн үед эсрэг заалттай байдаг. Хагалгаа хийх хэсэг сорвитой, хэт нимгэн, судас­жилттай, нүдний даралттай, болор цайсан, хэт хуурайшилттай болон нүдний үрэвсэлт өвчинтэй бол боломжгүй. Үүнээс гадна, хэт өндөр хараатай буюу хасах 14­-өөс дээш бол лазер хагалгаа хийхгүй.


-Мэс засал хийлгэсэн эмэгтэй дараа нь төрөхөд хараанд өөрчлөлт орох уу? ­


-Хагалгаа хийлгэснээс хойш зургаан сарын дараа жирэмслээд төрж болно. Төрөхөд ямар нэгэн асуудал байхгүй. 


-Хагалгаа хийлгэсний дараа хэрхэн гам барих вэ? ­


-Идэх хоол унд огт хорихгүй. Хориглох зүйл нь саун, бассейн болон фитнест явахыг нэг сар хориглоно. Мөн гүйж харайж, нүдийг доргиож болохгүй гэсэн энгийн зарчмыг баримтлах ёстой. Харин өдөржин компьютерийн дэлгэц ширтдэг хүмүүст 3х20-­ийн зарчим болон компьютер дээр сууж ажиллах эрүүл ахуйн дэглэмийг баримтлахыг зөвлөдөг. 3х20-­ийн зарчим гэдэг нь 20 минут компьютер харлаа, 20 секунд нүдээ амраагаад, 20 фитийн зайтай буюу зургаан метрийн алсын зайг харахыг хэлнэ.


-Хүмүүсийн хараа 20 нас хүрээд тогтдог гэж эмч нар хэлдэг. Гэвч харааны шил зүүгээд байхад нас ахих тусам хараа нь улам муудаад байдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бэ?


-Ойрын зайнд хэт ачаалахаар хуурамчаар хараа мууддаг. Тиймээс 20-­оос дээш насныхан жилд нэг удаа, 20­-оос доош насныхан 6-­8 сард нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж, хараагаа тогтсон эсэхийг мэдэх боломжтой. Харааны шил тааруулдаг газрын үзлэг зөв хяналт болохгүй. Тухайн үед хуурамч хараа муудалт мэдэг­дэхгүй учраас шилээ нэмж зүү­хийг зөвлөдөг. 


Манай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн 70-80 хувь нь өөрт тохироогүй харааны шил зүүсэн байдаг. 
Тухайн хүний харааг зөв тодор­хойлохын тулд эхлээд эм дусааж, ажиллаж байгаа булчинг бүрэн суллах ёстой байдаг. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ