Цахим орчин дахь "чанаргүй" эмч нарыг хязгаарлая!

“Ээжүүдээ таван сартай хүүхдийн хоолой өвдсөн байна, юу хэрэглэвэл гайгүй болгох вэ”, “Хүүхдийн маань гаран дээр ийм улаан товруу үүсчихлээ, ямар тос түрхэх вэ ээжүүдээ. Харшил юм болов уу”, “Баавгайн сарвуу хэрэглэвэл үнэхээр төрөхөд өвдөлт өгөхгүй юу” гэх асуулт ээжүүдийн группт өдөрт хэд хэдээрээ хөвөрдөг. Нэг үгээр ээжүүд болсон болоогүй зүйлсийг нэгнээсээ асууж, нөгөөдүүл нь мэдэмхийрсэн “зөвлөгөө” өгөх нь олонтаа.
Ерөнхийдөө асуулт асуусан гишүүнд “зөвлөгөө” өгөхдөө голдуу сураг сонссон бас өөрсдөө туршиж хэрэгжүүлсэн байх нь цөөнгүй. Манай хүүхдийн хоолой нь өвдөхөөр фелемоксин уулгасан, хүүхдэдээ өлөн шээсээ уулга, хамар нь битүү болохоор чих нь өвдөнө гэх мэтээр “цахим эмч” мэт зөвлөгөө өгөгсөд олон. Дээр нь ийм ч тос сайн, тийм ч бүтээгдэхүүн найдвартай гэх зэргээр элдэв тос, витамины сурталчилгаа тасрахгүй. Угтаа хүүхэд өвдөж эхэлсэн л бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах ёстой болохоос мэргэжлийн бус хүний мэдэмхийрлийг дагавал өвчнийг хүндрүүлж, үхэлд хүргэх эрсдэлтэй.
Энэ талаар АӨСҮТ-ийн Арьс гоо заслын ахлах зэргийн эмч Ц.Уранчимэг “Хүмүүс дур мэдэж эмчилгээ хийлгэснээс болж харшлын гаралтай өвчин байлаа гэхэд өвчнөө хүндрүүлчихээд ирдэг. Арьсан дээр тууралт гарлаа гэхэд хүний хэлсэн зөвлөгөөг дагадаг, эмийн сангаас дур мэдэж эм авч уух, янз бүрийн тос түрхэснээс болж арьсны өвчлөл хурц хэлбэрт орж, арьсны тууралт ихэсдэг. Мөн хоол хүнс болон эмийн харшилтай гэдгээ мэдэлгүй үрэсвэл дарах антибиотек ууснаар харшлын гаралтай өвчнөө хүндрүүлчихсэн байдаг, эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэлт нь удааширдаг.
Тэр тусмаа ээжүүдийн группт ээжүүд нэгнээсээ зөвлөгөө авч, өндөр дозоор эм ууснаар харшлын төдийгүй олон төрлийн суурь өвчний шалтгаан болж байна. Зарим ээжүүд хэнэггүй ч юм уу, үнэхээр хүүхдэдээ тавих анхаарал хандуулахгүй тоохгүй явснаас хүүхдийнх нь өвчин хүндэрсэн, арьсан дээрх тууралт нь хүндэрч, тархмал байдалд орсон, харшлын гаралтай өвчин нь хүндэрч бусад өвчнүүдтэй хавсарч арьсан дээрх идээт өвчнөөр хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. Ийм байж болохгүй” гэв.
Иймд үр хүүхэд, ээж аав, өөрт чинь эрүүл мэндийн асуудал үүсвэл сошиалд хандах бус мэргэжлийн эмчид л хандаарай. Үгүй бол хэн нэгэн хүний хэнэггүй, бас хэт мэдэмхийрлээс болж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч үлдвэл таны л хохь болно. Угтаа яарч сандарсан үед хэн нэгнээс тусламж хүсэн, асууж, зөвлөлдөх нь буруу биш. Гэхдээ мэргэжлийн эмчийн эмчилгээ, зөвлөгөөг хэн ч гүйцэхгүй, орлохгүйг ойлгох хэрэгтэй.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ