"Ур чадвартай эмэгтэйчүүд" өдөрлөг болж байна

Ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй сурагчдад барилгын мэргэжлүүдтэй танилцах, туршиж үзэх боломжийг олгох өдөрлөг Барилгын Политехник Коллеж дээр болж байна. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл болон “Ур чадварыг хөгжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж байгаа юм.


Өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн 9 болон 12-р ангийн сурагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, барилгын политехник коллежийн орчинтой танилцаж, 5 мэргэжлийг туршиж үзэн жижиг бүтээгдэхүүн өөрсдийн гараар үйлдвэрлэж үзэх юм.


Оролцогч охид мужаан, өрөг угсрагч, бетон арматур, гагнуур болон засал чимэглэлийн мэргэжлүүдийг бодитоор туршиж, тухайн мэргэжлийг сурвал юу хийж бүтээж болох, хэрхэн ажиллах зэрэг мэдлэг, туршлагыг хуримтлуулах юм. Өдөрлөгт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад ирэх жилээс элсэн суралцах боломжтой 9 болон 12-р ангийн сурагчдыг хамруулсан. Тухайлбал, мужааны мэргэжлийн хүрээнд охид мэргэжлийн багшийн заавраар оньсон тоглоом үйлдвэрлэх бол засал чимэглэлийн мэргэжлийг турших сонирхолтой охид наамал хийж бүтээнэ.


Монгол Улсын хэмжээнд хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтын тав нь барилгын салбар дахь мэргэжил байна. Тиймээс, эмэгтэйчүүд ур чадвартай барилгын мэргэжилтэн болж, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Улс орны бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан барилгын салбар дахь мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх нь чухал. Тиймээс Барилгын салбарыг эрэгтэйчүүд давамгайлсан, эмэгтэйчүүд ажиллахад тохиромжгүй гэсэн буруу ойлголтыг олон нийтэд залруулах болон ажил мэргэжлийн чиг баримжааг олгож, мэргэжлийн боловсрол, сургалтын давуу талуудыг оролцогч охид болон тэднээр дамжуулан олон нийтэд хүргэх нь чухал юм.


“Ур чадварыг хөгжүүлэх” төслийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамнаас санхүүжүүлэн Азийн Хөгжлийн Банктай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ