Хүүхдүүдийн шалгаруулсан 9 ном хэвлэгдлээ

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон, 2019 онд хүүхдийн зохиолын уралдаан зарласан.
Уралдаанд нийт 400 гаруй бүтээл ирсэн бөгөөд, бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдээс гадна цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээр уншуулж, санал сэтгэгдлийг харгалзсаны үндсэн дээр өгүүллэгийн төрөлд 9 өөр хэв маяг, 9 өөр өнгө төрх бүхий зохиолыг шалгаруулан Интерном компани хэвлэн олны хүртээл болголоо.
Хүүхдүүдийн өөрсдийн шалгуураар шигшигдсэн хүүхдийн зурагт 9 номны нээлт өнгөрсөн бямба гаригийн шинийн 17-ны билэгт сайн өдөр нээлт болсон.
Н.Цацралын “Шоколадан хан хүү, Нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь”, О.Сундуйн “Алим”, У.Хулангийн “Гүзээлзгэний үнэртэй жаал” зэрэг 9 зохиолчийн 9 өнгө төрхтэй бүтээлүүд монголын хүүхдийн уран зохиолын ертөнцөд шинэ өнгө төрх нэмсэн, онцлогтой бүтээлүүд болсон.
Эдгээр 9 ном нь бусадтай хуваалцах, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байх, эвтэй байх, бусдад эелдэг хандах зэрэг ёс суртахууны янз бүрийн суурь ойлголтуудыг багтаасан бүтээлүүд юм.
Хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд нөлөө үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжсэн эдгээр бүтээлийг Монсудар хэвлэлийн газрын төслийн баг зохион байгуулсан.
Б.ТУУЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ