“Фронт” С.Цэгмид: Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа.
Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 18 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байсан түүхэн үйл явдлын гэрч болж байжээ.
Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч наймдугаар сард Дундговь аймагт ажиллах үеэрээ өндөр настан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээж байсан юм.
Үүнээс сар гаруйн өмнө С.Цэгмид гуайг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар тодорхойлсон бөгөөд өнөөдөр олгож байгаа юм байна. ЗХУ-д хүргэсэн тусламжийн хэмжээ нь тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед үзүүлсэн тусламжийн гуравны нэг нь манай улсаас очсон болохыг шагнал гардуулах үеэр онцоллоо.
Найрамдлын одон хүртсэн С.Цэгмид гуай "Өнөөдөр миний дээд баяр болж байна. Орос, Монголын найрамдлын дээд одон авч байгаадаа баярлаж байна. Манай Монгол Улс малаа малласаар байгаад ийм сайхан гавьяанд хүрдэг юм байна. Ийм өндөр насанд маань ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаад маш их баяртай байна. Төрийнхөө дээд шагнал бүрийг авч байна. Төрдөө баярлаж байна, ийм сайхан зүйлийг үзсэн биедээ баярлаж байна. Манай хоёр орны найрамдалт харилцаа улам бүр батжин бэхжих болтугай. Улам л их наслах юмсан гэж бодож байна. Ийм насан дээр та бүгдтэй уулзаж байгаадаа баярлаж байна. Би ч нэг их юм хийсэн хүн биш ээ. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна. Манай хоёр улсын найрамдалт харилцаа үргэлж үргэлжилж байх болтугай" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ