Дараагийн хотын дарга “Да хүрээ”-г зориглоод нүүлгэе!

Нүүлгэнэ гэж олон жил ярьсан ч одоог хүртэл бахь байдгаараа байгаа газар бол “Да хүрээ” зах. Уг нь хотын баруун захад “бэлээхэн” авто төв байгуулчихаад буй. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг нь хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй.


Тус худалдааны төвд одоогоор 5000 орчим түрээслэгч үйл ажиллагаагаа явуулдаг аж.  Албаны хүний мэдээлснээр “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло шууд хөрсөнд л шингэдэг нв ойлгомжтой . Түүнчлэн түрээс эрхлэгчид байнга машинаа асааж унтраадаг учир өвөлдөө утаанд дарагдан өнждөг гэх. Тэгвэл энэ захыг тойроод 30 орчим мянган хүн амьдарч байна. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч буй айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга илэрч байгаа тухай албан бус судалгаа ч бий.


Ер нь нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал. “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ. Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол түрээслүүлэгчдийн орлого байхгүй болох учир үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой.  Тэгээд л янз бүрийн пи ар хийж, өөрсөддөө ашигтай тайлбар тавьж, гүрийсээр өнөөдрийг хүрсэн.


Угтаа ийм асуудал дээр л жинхэнэ төр төмөр нүүрээ гарах хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга хотынхоо иргэдийг бодоод, эрүүл мэндэд нь санаа тавиад, энэ захаа нүүлгэчихмээр байна. Энд зөвхөн иргэдийн эрүүл мэндийн асуудал төдийгүй энэ захыг нүүлгэчихвэл түгжрэл ямар хэмжээгээр буурах билээ. Ядаж л “Да хүрээ” орчмоор түгжрээд байхгүй шүү дээ. Тиймээс “дараагийн” хотын дарга зоригтой, дорвитой шийдвэр гаргаад, “Да хүрээ”-г албадан нүүлгэчихээч гэж хүсье.  

 


Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ