Газрын тосны үйлдвэр байгуулах төслийн ажлын эхний гэрээг үзэглэв

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд гэрээг цахимаар байгуулжээ.


Энэ үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулах төсөл маань төлөвлөлтийн үе шатаас бүтээн байгуулалтын шат руу шилжиж байна гэсэн үг юм. Гэрээ байгуулах ажлын явцад дэлхий дахиныг хамарсан цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн боловч манай хамт олон болон энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргасны үндсэн дээр ийнхүү ажил хэрэг болж байна” гэж хэлжээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC ProjectsIndia”компани шалгарсан юм.


 Тус компани үйлдвэрийн талбайд:

  • Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),
  • Ус хангамжийн систем,
  • Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм.


Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть-химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ