Сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл, оюутан элсүүлэх үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар элсэлттэй холбоотой илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.


Түүнчлэн аймгийн төвийн ерөнхий боловсролын 6, Билге-Тегин сургууль, Өлгий сумын 6, 8, 12, 13 дугаар хүүхдийн цэцэрлэг, Жамал, Цоглог хүүхдийн цэцэрлэгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийж, ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, 4, 7, 9, 11, 16 дугаар хүүхдийн цэцэрлэг, Бүлдиршин, Сарака цэцэрлэгүүдэд Мэргэжлийн хяналтын газраас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.



Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны ойролцоох авто зам дээр аюулгүйн болон хориглосон тэмдэг, тэмдэглээгүй, гадаад хэл, физик, хими, хөгжим, технологийн хичээлийн шаардлага хангасан зориулалтын кабинетгүй, үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын гар угаах нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, цэцэрлэгийн гадна талбайн тоглоом, тоног төхөөрөмж нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохироогүй, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, тоглоом, наадгай дутагдалтай зэрэг зөрчил илэрсэн байна.  


Иймд зөрчлийг арилгуулахаар хугацаатай таван албан шаардлага, зургаан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ