ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхланг огцрохыг шаардлаа

Хэвтүүл хөдөлгөөнийхөн Хан-Уул дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнийхөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд албан шаардлага хүргүүлжээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хууль бусаар газар олгосон хэмээн үзэж байгаа аж. Иймээс 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд гаргасан 40 га газар олгосон тухай захирамжаа олон нийтэд ил болгох, мөн ямар үндэслэлээр газар олгосон талаарх мэдээллийг ил болгохыг шаардав.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханы 2020 оны тавдугаар сарын 7-нд гаргасан захирамжийг олон нийтэд ил болгох, хууль зөрчсөн захирамжаа цуцлахыг шаардлаа. Иймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтнуудыг өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна гэв.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэн A.Цэрэнбат "Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тендергүйгээр хууль бусаар газар олгосон. Монгол Улсын хуулийн өмнө нь хүн бүхэн тэгш эрхтэй. Хуулийг дагаж мөрдөхийг шаардаж байна. Ирэх Баасан гарагт АТГ-т хандана. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тойрон хүрээлж буй албан тушаалтнуудын хамт 1 тэрбум төгрөгийг завшсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дүүргийнхээ албан тушаалтнуудад буцалтгүй тусламж нэрийдлээр 1 тэрбум төгрөг олгосон. Ямар нэгэн тендергүйгээр 3 тэрбум төгрөгийг гурван компанид өгсөн, 500 сая төгрөгөөр гурван жилийн хугацаанд гадаадаар аялсан. 2016 онд иргэдийн төлөөлөгч гэж сонгогдсон мөртлөө иргэдийн төлөө юу ч хийгээгүй. Түүнчлэн Засаг даргын орлогч 114 иргэнд мөн газар олгосон. Энэ 40 га газрын асуудлаар АТГ-т хандаж шалгуулна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ