Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэддээ 100 хүртэлх сая төгрөгийг олгоё!

Гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул хандив цуглуулж байна гэдэг мэдээ бидний хувьд танил болоод удаж буй. Монгол иргэд гадаадад эмчлүүлэхдээ багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улс руу аялсан судалгааны дүн гарчээ. Мөн эмчилгээний төрлүүдээс шалтгаалж зардлын дүн маш өндөр зөрүүтэй байдаг аж. Тухайлбал, мэс засалд орох иргэд хамгийн их буюу дунджаар 22805 ам.доллар, амбулаторийн үзлэг, шинжилгээнд орох иргэд хамгийн бага буюу 1761 ам.долларыг зарцуулдаг байна.


Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар манай улсад, эмчилж чаддаггүй 26 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнөө гадаадад улсад эмчлүүлэгсдэд сайдын багцаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Салбар яамнаас гаргасан зөвхөн улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн мэдээллээс үзвэл, 2011-2014 онд жилд дунджаар 152 иргэнд 330 мянган ам.долларыг гадаадад эмчлүүлэгчдэд олгосон тоо баримт байна.


Гадаад улсад өвчнөө эмчлүүлэх өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Түүнчлэн нийт өргөдлийн 42 хувь нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой байдаг аж. Жил бүр гадаадад эмчүүлэх хүсэлтэй 250-300 иргэн өргөдлөө салбар яаманд өгдөг гэх. Өвчнөө эх орондоо эмчлэх боломжгүй учир зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон иргэд Эрүүл мэндийн яаманд төрийн зардлаар эмчилгээ хийлгэхээр ханддаг. Гэтэл төсөв, төлөвлөгөөндөө “баригдаж” хандсан хүн бүрт эмчилгээний зардлыг өгөх боломжгүй байдаг аж.


Манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг захиран зарцуулах эрх нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд байдаг. Тус зөвлөлийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ахлахаар болж зарим гишүүдийг шинэчлэхийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадны улсыг зорих шаардлагатай иргэдэд Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох асуудлыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хөндлөө. Эрүүл мэндийн даатгалын санд өнөөдрийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байгаа бөгөөд үүнийг үндэсний зөвлөлийн шийдвэрээр захиран зарцуулдаг.


Хүнд өвчтэй хүмүүс гадаадад нэг удаагийн эмчилгээ хийлгээд төдийлөн сайн үр дүн өгөхгүй байх тохиодол их байдаг бөгөөд давтан эмчилгээнд явах шаардлага гардаг. Энэ үед байдгаа барсан хөөрхий Монголчууд бусдаас хандив тусламж гуйн, боломжгүй бүхний араас болгох гэж зүтгэдэг. Угаас ингэхээс өөр аргагүй. Хайртай хүмүүсээ өвдөж, шаналахыг харж буй хүмүүс ямар л боломжит нөхцөл байна түүний араас явах нь ойлгомжтой. Угтаа экс гишүүн Ундармаа шиг хүмүүсээр улсынхаа даатгалын санг “үрэн таран” хийлгэчихээд араас нь халаглаж суухаар хатуу нь дэндсэн хорвоод, бэрхшээл бүрийг даван туулж буй эдгээр хүмүүст 100 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь хамгийн нүдээ олсон шийдвэр байх болно. 



Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ