ГССҮТ-ийн ариутгалын тасагт засвар хийж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ариутгал, халдваргүйтгэлийн нэгдсэн тасагт барилгын засвар хийж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ.


Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийсэн энэ ажлын нээлт өнөөдөр боллоо. Нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй засвар шинэчлэлийн ажлын хөрөнгийн 461 тэрбумаар нь барилгын засвар үйлчилгээ, 830 гаруй сая төгрөгөөр ариутгал халдваргүйтгэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр шинэчилсэн байна.



Тус төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 80-85 хувь нь мэс заслын эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээ үйлчилгээний тусламжийн хамгийн чухал хэсэг нь ариутгал халдваргүйтгэлийн ажил байдаг. Төслийн санхүүжилтээр манай эмнэлэг плазма ариутгагч, хэт ягаан туяаны ариутгагч зэрэг орчин үеийн ариутгалын тоног төхөөрөмжөөр хангагдаж, өнөөдрөөс ажиллаж эхэлж байна гэв.





Ариутгалын тасгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ГССҮТ-ийн Ариутгалын тасаг бүрэн шинэчлэгдэж, олон улсын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдээр хангагдлаа. Ингэснээр нэгдүгээрт, Ариутгалын тасгийн хүчин чадал өмнөхөөс гурав дахин нэмэгдэж, ачаалал даах чадвартай боллоо. Хоёрдугаарт, ГССҮТ-д байгаагүй ариутгалын шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулсан. Жишээлбэл, дурангийн мэс заслыг багаж төхөөрөмжийг өндөр хэмийн дулаанаар ариутгадаг. Ийм багажгүй байсан учир өөр эмнэлэгт аваачиж ариутгах зэрэг бэрхшээлтэй байлаа. Одоо бүх ариутгалыг эмнэлэгтээ хийдэг болсноор дурангийн мэс заслыг илүү өргөжүүлэх боломжууд давхар нэмэгдэж, мэс заслын тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэнэ гэлээ.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ