Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр авто зам ашиглалтад орлоо

Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг Концессын тухай хуулийн дагуу гэрээний хэлцэл хийх шийдвэр гаргасан.


Ингээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулан Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ зам барилгын ажлыг эхлүүлж байв.


Харин бүтээн байгуулалтын ажил дуусаж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож байна.


2008 оноос хойш таван удаа шав тавьж эхлүүлж байсан ч бүтэлгүйтдэг байсан Говь-Алтай-Баянхонгорын авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын турш тасралтгүй ажиллаж бэлэн болгожээ.


Хатуу хучилттай шинэ зам нь жилдээ зорчдог 400 мянга гаруй зорчигчдын болон ачаа тээврийн цагийг 2-2.5 дахин, бензин шатахууныг 30-40 хувь хэмнэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ