Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Өмнөговь аймагт ажиллав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч амралтын өдрүүд /2020.10.10-11/-д Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймгийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг “Даланзадгадын Дулааны Цахилгаан станц” ТӨХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-уудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцав. Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.
“Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК нь 2000 онд байгуулагдсан. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэх хангах ажил 93.7 хувьтай байна. 2018 оны 10 дугаар 01-ний өдрөөс зэрэгцээ ажиллагаанд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн диспетчерийн зохицуулалтаар 2 зуух 2 турбины горимд 4-5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдгээс 3-4 МВт цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж эхэлжээ. Мөн аймгийн төвийн нийт дулааны хэрэглээ болох 1234 айл өрх, 273 ААНБ болон төсөвт байгууллагуудыг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчийг хангахад зуухны уурын бүтээмж дутагдалтай байгааг учирлав. Хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тогтмол, найдвартай ханган ажиллахын тулд зуухны уурын ачааллыг 5.7 тонн/цаг, дулааны ачааллыг 8.5 Гкал/цаг-аар тус тус нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.
Мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн өртөг борлуулалтын үнээс хэт доогуур байдгаас санхүүгийн хүндрэл үүссээр байгааг хэлэв. Сайд Н.Тавинбэх энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж, тарифын оновчтой зохицуулалт хийх арга хэмжээ авахад анхаарч ажиллана гэлээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ