Татварын хөнгөлөлт "эдэлчихээд" талхны үнээ нэмэхээ больё!

“Атар” талх зах, хүнсний дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. Талхны үнэ ийнхүү өссөн шалтгааныг худалдагчид гурилын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж иргэдийн амыг таглах болсон. Гэтэл ШӨХТГ-аас энэ сарын 3-наас эхлэн нийслэлийн зургаан дүүрэг дэх 30 гаруй худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн байна. Тэр дундаа "Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр нэмжээ.
Тодруулбал, “Өгөөж-чихэр боов” ХХК нь наймдугаар сарын 17-ны өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50- 3400 төгрөгөөр, “Сүү” ХК нь 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Угтаа дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолсон улаан буудайг гаалийн татвараас 602,9 сая төгрөг болон НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг, “Өгөөж-чихэр боов” ХХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөг, НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байна. Харин “Сүү” ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн хөнгөлөлт авсан байна.
Талхны үнэ нэмэгдсэн шалтгааныг “Талх чихэр” ХК-ийн төлөөлөл тайлбарлахдаа дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаатай холбоотой гэжээ. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргээс шалтгаалж бүтээгдэхүүний үнээ есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Гурилын үнэ ямар шалтгаанаар өссөн байж болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнээс тодруулахад “Аж ахуйн нэгжүүд гурилын үнээ нэмэх шалтгаан үүсээгүй. Тодруулбал, энэ зун шатахууны үнэ тогтвортой байсан. Мөн гурилын үйлдвэрүүдийг хямдавтар түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрт тушаасан нэг тонн буудай тутамд урамшуулал олгодог журам хэрэгжсэн хэвээр байгаа.
Өнгөрсөн жил хүн амын гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буюу 280 мянга орчим тонн буудайны тонн тутамд 50,000 төгрөгийн урамшуулал олгосон. Энэ жил урамшууллын дүнг 100,000 төгрөгт хүргэхээр төлөвлөсөн ба энэ оны эцсээр олгоно” гэв.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ