Түмний нэрийг барьсан ТҮЦ эрхлэгчдийг хэрхэх вэ?

Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлдэг.
Нийслэл хот өнгө нэмэн өөрчлөгдөхийн хэрээр ТҮЦ-үүд иргэдийн хэрэгцээ, шаардлагаас шахагдаж, дүүргийн удирдлагууд ч хүнсний чанаргүй бүтээгдэхүүн худалдан ойр орчимдоо хог хаягдлын уул уурхай болдог гээд ТҮЦ-ийнхэнтэй "үзэлцэж” байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 1990-ээд оноос 2014 он хүртэл ТҮЦ-үүдэд тавих шаардлага тодорхойгүй, түүгээр борлуулах бүтээгдэхүүнийг нарийвчлан зааж өгөөгүй байжээ. Харин 2014 онд Нийслэлийн Засаг дарга ТҮЦ-ийн журмыг НИТХ-ын 56 дугаар тогтоолоор батлуулан өнгө үзэмж, үйл ажиллагаанд нь тодорхой шаардлагууд тавих болсон байна. Уг журамд ТҮЦ-ийн гаднах өнгө үзэмж хотын өнгө аяст таарсан байна, үйл ажиллагаа явуулахдаа тухайн дүүрэгтэйгээ гэрээ байгуулна гэж заажээ. Гэтэл уг шаардлагыг ТҮЦ эрхлэгчид огтхон ч биелүүлдэггүй аж.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр “ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна. Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ.
Харин Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа шуналт төрийнхөнтэй бид тэмцэнэ. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ” гэв.
Хэдий ТҮЦ-ээр олон хүн амь амьдралаа залгуулж байгаа ч нөгөө талаараа олон хүний эрүүл мэндийг хохироодог. Тухайлбал, ТҮЦ-ээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдан авч идсэн 20 гаруй иргэн хоолны хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-ээр худалдан борлуулахгүй байх шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас тавьж, журам зөрчсөн тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь “шийтгэл” болж чадахгүй байна.
Цаашлаад ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хууль зөрчихөөс эхлээд олон асуудал дагуулж байдаг. Имйд нэгэнт иргэдийн хэрэгцээнээс шахагдан нийслэлийн өнгө үзэмжид таатай бус уур амьсгалыг бүрдүүлэн, бизнес нь хумигдан байгаа ТҮЦ-үүдийг бүгдийг нь цэгцэлж, иргэдээ тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ