Аймгууд Засаг даргад нэр дэвшигчээ тодруулахаар ИТХ-ын анхдугаар хуралдаанаа товлов

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдаж эрх баригч МАН НИТХ-ын 45 суудлын 34-т нь 21 аймгийн 13, есөн дүүргийн найм, 330 сумын 185-д нь ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүн гарсантай холбогдуулан шинээр сонгогдсон ИТХ-уудын анхдугаар хуралдаан товлогдож эхэллээ. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг өмнөх бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын тэргүүлэгчдээр ажилласан хүмүүс хуралдаж товлодог юм. Мөн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргаа сонгох, бүтцээ зохион байгуулах, Засаг даргад нэр дэвшигчээ тодруулах зэрэг асуудлыг хэлэлцдэг.

НИТХ анхдугаар хуралдаанаа нөгөөдөр буюу энэ сарын 23-нд хийхээр болсон. Түүнчлэн аймаг, дүүрэг, сумд ИТХ-ынхаа анхдугаар хуралдаанаа товлож эхэллээ. Тухайлбал, Сэлэнгэ аймаг энэ сарын 23-нд, Өвөрхангай аймаг 26-нд, Төв аймаг 28-нд, Ховд аймаг арваннэгдүгээр сарын 1, Хөвсгөл аймаг арваннэгдүгээр сарын 4-нд ИТХ-ынхаа анхдугаар хуралдааныг хийхээр товлоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ