“Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 64 жилийн ой тохиож байна

Ирэх жилийн энэ өдөр Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 65 жилийн ой тохионо.
Анх төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ. Түүний нэг нь “Маамуу нааш ир” дуу байсан юм. Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав уг дууныхаа аяыг зургаан настай охиныхоо аманд орсон содон аялгуунаас санаа авч зохиосон гэдэг. Энэхүү дууг анх олны хүртээл болгосон эзэн нь хүүхэд биш том хүн байсан юм. Гавьяат жүжигчин В.Долгор энэхүү дууг 29 настайдаа анх дуулжээ.
“Маамуу нааш ир” дууны шүлэг тэр чигтээ гүн философитой. Хөдөө нутаг, хотын ахуй амьдралыг дүрсэлж, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг шингээсэн. Эрдэмтэй эх оронч хүн төлөвшүүлэх гээд өргөн агуулгатай учраас өнөөдөр энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй. Дууны үг хэлд орсон хүүхдийн сэтгэхүйд буух, танин мэдэх анхны алхамд сонирхол татах хамгийн энгийн уран үгтэйгээс гадна аялгуу нь бага насны хүүхдийн тогтоох чадварын хэмжээнд тохирсон.
Дахин давтан эхний хоёр мөрийг дуулж, цааш ижил төстэй хэмнэлээр үргэлжлүүлэн төгсгөсөн зохиомж нь тун оновчтой болсон хэмээн үнэлэгддэг.
2011 онд “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөөг Монголын Хүүхдийн ордны өмнөх талбайд босгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ