"Эрэгтэйчүүд умайн хүзүүн хорт хавдарын вирус тээгч"

Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүн хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Манай улс умайн хүзүүний хорт хавдраар бүс нутагтаа дээгүүрт бичигдсээр ирсэн. Умайн хүзүүний хөхөнцөр виурусийг тээгч нь эрчүүд бөгөөд бэлгийн замаар дамждаг өвчнүүдийн нэг билээ. Сүүлийн үеийн судалгаагаар ХХВ-ийн халдвартай хүний тоо нийт хүн амын дунд 35 хувь, үүн дотор 25-аас доош насныханд 48,5 хувь гарсан нь халдварын тохиолдол өндөр гэж үзэх үндэстэй аж.
2019 онд л гэхэд умайн хүзүүний хорт хавдраар 333 эмэгтэй өвчилсөн гэсэн статистик байна. Нийт умайн хүзүүн хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Эмэгтэйчүүд хөхөнцөр вирусийн HPV нь бэлгийн замаар дамжиж халдварладгийг мэддэггүй учраас хэрхэн хамгаалах талаар ойлголтгүй байдаг. Иймд наад зах нь бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх, бэлгийн олон хавьтагчгүй байх, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд сануулсаар буй. Мөн эрэгтэйчүүд ариун цэврийг сайтар сахиж, зохих шинжилгээг тогтмол өгөх шаардлагатай юм.
Монголоос бусад орон охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гардасил вакцинд хамруулдаг. ДЭМБ умайн хүзүүний хавдрын шалтгаан болсон хүний папиллома вирусийн эсрэг хоёр тун вакциныг өсвөр насны охидод хийхийг улс орнуудад зөвлөдөг. Гэвч дэлхий дахинаа үүссэн вакцины хомсдолын үед умайн хүзүүний хавдрын тархалт өндөртэй улс орнууд ядахдаа нэг тун вакцин хийж байвал яасан юм бэ гэсэн саналыг олон орны эрдэмтэд санал болгожээ. Харин Монголд умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлдэг гардасил вакцины талаар элдэв таагүй мэдээлэл тарааснаас болж, охидыг вакцинд хамруулах ажил амжилтгүй болсон билээ. Манай улс анх гардасил вакциныг 2012 онд Баянгол, Багануур дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас түүвэрлэн 12-15 насны 10 мянга гаруй охинд үнэ төлбөргүй хийжээ.
Монгол Улсад ХХВ-ийн эсрэг вакцины хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи зургаан жилийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан залуу эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчлөөгүй бөгөөд жирэмслэлт нь хэвийн гэсэн эерэг үр дүн гарчээ. Манай улсад жилд дунджаар 350 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг гэж тооцвол өнгөрсөн найман жилийн хугацаанд 2800 хүнийг умайн хүзүүний хорт хавдраас хамгаалах боломжтой байжээ.
HРV вирусийн эсрэг вакцин хийснээр умайн хүзүүн хорт хавдраас 90 орчим хувь сэргийлэх боломж байгааг судалгаа харуулж байна. Мөн энэ вакцин ямар ч аюулгүй гэдгийг сүүлийн 10 жилийн судалгаа, олон орны хэрэглэсэн туршлага харуулж буй юм. Иймд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг заавал нэвтрүүлэх шаардлагатай юм. Өсвөр насны хүүхдэд 11-12 насанд энэ вакциныг хийлгэхийг зөвлөдөг. ДЭМБ-аас гаргасан тооцооллоор элэгний B вирус, болон хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийснээр дэлхий даяар жил тутам нэг сая хүнийг хавдар тусахаас сэргийлж чадна гэсэн байдаг.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ