У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нар нийслэл, 21 аймгийн цагдаагийн газрын удирдлагуудтай биечлэн болон цахим уулзалт хийлээ.


Энэ үеэр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй эсвэл үйлдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ.


"Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 


Мөн тэрбээр цагдаагийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирсон тохиолдолд тэднийг хамгаалах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, техник технологийн тоног төхөөрөмжийг ажилдаа идэвхийлэн ашиглаж нэг албан хаагчид ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ