Таны хүүхэд гэртээ аюулгүй байгаа юу?

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Саяхан гэхэд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд гэртээ цоожтой үлдсэн 3-7 насны дөрвөн хүүхэд гэрт нь гал гарсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хашаанд хоёр айл амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр хүүхдүүдээ нэг гэрт нь цоожлоод ажилдаа явсан байжээ.


Үүнээс өмнө гэртээ ахуйн осолд өртөж нэг айлын гурван охин гэртээ нас барсан. Мөн таван настай хүүхэд 11 давхрын цонхоор унаж нас барсан зэрэг хэд хэдэн тохиолдол гарсан. Үнэхээр харамсалтай. Бага насны хүүхдээ гэрт нь цоожлоод үлдээх зүрх, зориг, хэнэггүй, хариуцлагагүй үйлдэл магадгүй манай монголчуудаас л гардаг байх. Гэтэл нөгөө талд ийм эрсдэлд оруулахаас аргагүй нийгэмд амьдарч байгаадаа гомдмоор ч юм шиг. Хэрэв олигтой төр, засагтай байсан бол олон эцэг эх харуусал нулимстайгаа хатахгүй. Олон бяцхан зүрх зогсохгүй байв. Төр иргэнээ хамгаалж, цэцэрлэг, сургууль хүрэлцээтэй байсан бол хэдэн алтан амь аврагдаж, хэчнээн өрх элэг бүтэн үлдэх байсан бол..


 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан цагдаагийн алба хаагчдад хандан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй эсвэл үйлдэж байгаа айлыг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ. Тэрээр “Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй” гэв. Яг ийм үг өмнө ч олон удаа давтагдаж ирсэн. Энэ мэтээр золгүй явдал болгоны дараа хүүхдээ хамгаалъя гэж нийтээрээ хашгирсан болоод мартахаас илүү бодит өөрчлөлтийг хийхсэн.

 

Хэдий хүүхэд хамгааллын гарц шийдлийг олон талаас нь хэлэлцэж байгаа ч олигтой дэвшил авчраагүйн жишээ нь зуурдаар “одож” буй бяцхан зүрхнүүд.  Тэгвэл хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй шийдэл нь хөршийн холбоо, хариуцлага гэдэг нь тодорхой болсон. Харин хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах ажил хангалтгүй байгаа юм.


Хүчирхийлэлд өртөж аврал эрэн уйлах, цоожтой гэрт үлдээд амь нас нь эрсдэлд орохын алинд ч хамгийн чухал мэдээлэгч, хянагч нь хөрш байх учиртай. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгааллын асуудал бол хүн бүрд хамаатай гэдгийг учирлаж ойлгуулахаас гадна урамшуулж дэмжих хөшүүрэг хэрэгтэй байна. Хөрш хяналттай, хариуцлагатай байж чадвал хэчнээн олон хүчирхийлэгч үйлдэгч илэрч, гал, усанд амиа алдаж байгаа тохиолдлууд буурах бол. Гэвч цагдаагийн алба хаагчид хүчирхийлэгч үйлдэгчийг мэдээлсэн иргэнийг нууцалдаггүй нь эргээд эрсдэл дагуулдаг. Тухайлбал, хүний амьдралд хөндлөнгөөс оролцлоо гэж дургүйцэж заналхийлэхээс гадна эд хөрөнгийг нь эвдэлсэн бодит жишээ цөөнгүй. Ер нь л бид хүүхэд хамгааллын асуудалд хуурай тоо баримт дурдаж шагшрахаас илүү хүн чанар, хандлага, мэдээлэл чухал байгааг онцолмоор байна.

Мөн бага насны хүүхдүүдийг байнгын харах хүнтэй байлгах, гэрээ аюулгүй орчин болгох шаардлагатай байна. Хамгийн чухал нь эцэг, эх өөрсдөө маш хариуцлагатай байж, хүүхдийг хэзээ ч битгий гэртээ цоожилж үлдээгээч! Бүр гуйж байна.

 

 


Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ