"Дарь эхийн өргөө" төвд байрлах өвчтөн, асран хамгаалагчидыг эмнэлэг болон байр хооронд үнэ төлбөргүй тээвэрлэнэ

     Олон Улсын Арслан клубээс Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-д автомашин хүлээлгэн өгөх ёслол 2020 оны 10-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан юм.

Олон улсын арслан клуб нь Монгол улсад 8 салбар клубтэй 2000 оноос хойш нийгэмд чиглэсэн сайн үйлсийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн. Энэ удаа Хангай болон Бодь олон улсын арслан клубууд, Хавдрын үндэсний зөвлөлтэй хамтран АНУ-д төвтэй Lions Clubs International Foundation байгууллагаас зарласан төслийн уралдаанд шалгарч грант авсан бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжих 21,000 долларын санхүүжилт бүхий төслийн хүрээнд хүүхдийн хавдрын тухай мэдээллийг монгол хэл дээр орчуулан веб сайт хийх, монгол дээр гарын авлага, хэвлүүлж тараах, автомашин хүлээн авч үйлчилгээг эхлүүлэх зэрэг олон ажлууд хийгдэж эхлээд байна.

Төслийн эхний үйл ажиллагаа болох хавдартай өвчтөн, хүүхдүүдийг Хавдрын үндэсний зөвлөлийн дэргэдэх өвчтөн байрлуулах Дарь эхийн өргөө төв болон эмнэлэг хооронд зөөх зориулалт бүхий 46 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өнөөдөр гардуулж байна. Автомашин авахад 2 сая төгрөг хандивлахаас гадна он дуусталх урсгал зардлыг /бензин, өвлийн дугуй, даатгал, жолоочийн цалин/ Австрали улсын иргэн Беверли Манктон Стоун хариуцан хандивлаж байгаа юм.

Уг автомашин нь Хавдрын үндэсний зөвлөлийн дэргэдэх өвчтөн байрлуулах Дарь эхийн өргөө төвд байрлаж буй хөдөө орон нутгаас ирсэн өвчтөн, асран хамгаалагч болон хавдартай хүүхдүүдийг эмнэлэг болон байр хооронд үнэ төлбөргүйгээр тээвэрлэнэ.

Төслийн хүрээнд хүүхдийн хавдрын талааар монгол хэл дээр мэдээлэл бэлтгэх  үйл ажиллагааг АНУ-ын St. Jude-ийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран боловсруулж, түгээхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол дах арслан клуб, Хавдрын үндэсний зөвлөл хамтран хандив босгон хэрэгжүүлэх юм.

Хавдрын үндэсний зөвлөл  Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2014 оноос хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх, хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ашгийн бус, сайн дурын байгууллага юм. 2019 оноос дэргэдээ хөдөө орон нутгаас хотод эмчилгээнд ирсэн хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхнийг түр байрлуулах Дарь Эхийн Өргөө өвчтөн байрлуулах төвийг нээж өнөөдрийг хүртэл 1500 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг байрлуулсан байна.

Д.Оюу


No description available.


No description available.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ