Орчуулагч, яруу найрагч, тулаанч Х.Эрдэмбилэг:Тулааны урлаг, уран зохиол хоёр миний хувьд нэг юмны хоёр тал

Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийг Монголын уншигчид "Гэм зэм", "Албингууд", "Солиот", "Карамазовын хөвгүүд" зэрэг зохиолоор нь мэднэ. Тэгвэл яруу найрагч, орчуулагч Х.Эрдэмбилэг нэрт зохиолчийн "Доод хонгилоос гарсан тэмдэглэл" зохиолыг орчуулж хэвлүүлжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Нэг ширхэг сонирхолтой хүн

Уран бүтээлч, орчуулагч Х.Эрдэмбилэг Федор Михайлович Достоевскийн Доод хонгилоос гарсан тэмдэглэл" хэмээх алдартай бүтээлийг орчуулжээ. Зохиол бичдэг, орчуулдаг энэ "номын" залуу бас тулааны урлаг заадаг тун сонирхолтой нөхөр аж. Тэгээд түүнтэй ярилцлаа.

-Агуу их Достоевскийг хэр баргийн орчуулагч барьж авахгүй шүү. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-За баярлалаа. Үнэхээр агуу их зохиолч болохыг нь ойлголоо. Оюутан байхдаа сонссон л доо. Харин энэ зохиолыг нь санамсаргүй шахам барьж авсан. Гэхдээ бас үйлийн үр ч юм уу? Би "Гэмт хэрэг ба шийтгэл" гэдэг Достоевскийн романыг орос эхтэй нь харьцуулан уншиж англи хэл сурч байсан. Тэр ном одоо ч надад бий, сонингоор хавтаслаж нэлээн халтартуулсан байна лээ. Аав маань бурхан болооч Мэргэн гуайгаас "Англи хэл сурах ямар арга байна вэ?" гэж асуусан чинь "Ном л бариад авах хэрэгтэй" гэсэн гэнэ билээ. Тэгээд л ном бариад авсан маань тэр. Тэр үйлийн үр боловсорсон байх. Нэг шалтгаан маань энэ... Харин "хэр баргийн орчуулагч Достоевскийг орчуулахгүй" гэж хоёр дахь хүнээсээ сонслоо. Аав нэрт орчуулагч Нэргүй ахад миний тухай дуулгахад "Ямар зоригтой хүүхэд вэ?! Хэр баргийн хүн Достоевскийг барьж авдаггүй юм даа" гэсэн гэнэ билээ. Баярлаж л байлаа. Тийм мундаг орчуулагч тэгж хэлж байгаа болохоор тийм л болж таарах нь дээ.

өгөө шалтгаан нь юу билээ?

-Барууны уран зохиолыг сонирхогчдод хэрэг болох юм болов уу гэж бодсон. Ялангуяа модернизмыг судалъя гэвэл энэ зохиолоос эхлэхэд алзахгүй, суурь нь болж чадна. Ямар сайндаа "Хорьдугаар зууны модернизмын эцэг" Жеймс Жойс "Достоевский бол орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолыг буй болгоход хамгийн их нөлөөлсөн хүн" гэж хэлэх вэ дээ. Бас европын гүн ухааныг энэ зохиолоос эхлээд барагцаалаад авч болмоор санагдаад байгаа юм. Бас мэндэлснийх нь 200 жилийн ой 2021 онд болно.

-Достоевскийг монголчууд "Гэм зэм", "Дорд үзэгдэгсэд", "Карамазовын хөвгүүд"-ээр нь мэддэг гэхэд хилсдэхгүй. Та орчуулсан зохиолынхоо тухай яриач...

-Тийм шүү. Оюутан байхдаа "Дорд үзэгдэгсэд"-ийг Амар гуайн орчуулгаар уншсан. “Гэм зэм”-ийг социализмын үед орчуулсан ч ер нь олддоггүй байсан. Харин саяхнаас “Гэмт хэрэг ба шийтгэл” гэж дахин орчуулсан байна лээ. Ер нь саяхнаас л том романууд нь орчуулагдлаа. Сонин санагдаад байдаг юм. Максим Горькийн зөвлөсөн "идэвхтэй зарчим"-д нийцээгүй юм болов уу. Түүний агуу таван романыг (великое пятикнижие гэдэг дээ) зөв ойлгоё гэвэл Доод хонгилыг үзэх хэрэгтэй. Нимгэн хэрнээ яг нэг үгээр тухайлах хэцүү ном л доо. Бүгдийг ажиглагч, хянагч, би-д баригдсан нэг нөхрийн бодол эргэцүүлэл бас түүний дурсамж байдаг. Тэгээд олон давхар бичилттэй. Судлаачдын хэлснээр бол Достоевскийн цөм зохиол, уран бүтээлийнх нь оргилийн үеийн эхлэл гэдэг. Тэгэхээр олон талтай байх нь аргагүй байх. Агуу романуудынх нь оршил ч гэдэг.  Харин минийхээр зүгээр нэг оршил бус харин тусдаа нэг оргил нь юм уу даа. Эхлээд үзэл бодлоо нэг багцалж аваад, дараа нь тэрнийгээ дэлгэрүүлж, хоёр туйлыг нь харуулсан юм шиг байгаа юм. Достоевский энэ зохиолоо "цайны ханд" шиг таван романдаа ашиглажээ. Хожим хэрэглэсэн арга техникүүд нь энэ зохиолд бий. Жишээ нь нэгдүгээр бүлгийн өөртэйгээ ярьсан мэдэмхийрэгчийн яриа үйл явдалгүй атлаа дотоод тэсрэлттэй. Уншихаасаа сонсоход амархан. Тэр нь хар яриагаар бичигдсэнд бас би баатрын дуу хоолойг тод томруун гаргасанд байдаг юм болов уу. Үүгээрээ баруунд зохиол бичих хүний заавал унших ёстой зохиолын нэг болдог юм билээ. Европын соёлоос гарсан "би шинжлэл"-ийн хамгийн гүн анализ энэ бүлэгт байдаг тул хайхрамжгүй үзэж болохгүй. Өнөөгийн дэлхийг хөдөлгөж байгаа олон үзэл бодлуудыг тоймолсон ч гэж бас хэлж болно. Харин хоёрдугаар бүлэг үйл явдалтай, нүдэнд яг л кино шиг үзэгдээд өнгөрнө. Энэ техник нь бас л орчин цагийн уран зохиолын нэг шинж болсон шүү дээ. Товчхондоо, олон давхар бичилттэй болохоор хүн бүр өөрийнхөөрөө ойлгох байх. Минийхээр бол хайр сэтгэлийн тухай агуу зохиол. Янхнаас долоон дор их мэдэгч эсрэг баатрын хайр сэтгэлийн тухай зохиол гэвэл болох байх. Эсхүл бодоод бодоод бодын шийр дөрөв гээд орхиж чаддаггүй өрөнд унасан хятад шиг хүмүүсийн тухай зохиол ч юм уу? Номонд бас тайлбар зүүлт байгаа.

-Орчуулга бол тун чимхлүүр ажил. Хэр хугацаанд орчуулав?

-Орчуулга чимхлүүр ажил гэдэг үнэхээр үнэн шүү. Нүдэндээ хайргүй л хүний ажил даа (инээв). Гэхдээ Мишигийн Цэдэндоржийн хэлсэн шиг орчуулга хийхэд хүртэл онгод хэрэгтэй. Энэ хоёрыг хослуулах шаардлагатай. Тэгэхдээ би "монголчлох", "чөлөөт орчуулга" гэдэг хоёр үгнээс болгоомжилдог. "Адгийн новшнуудын эцсийн оромж нь эх оронч үзэл байдаг" гэж Достоевский хэлсэн шиг муруй хазгай орчуулга хийчхээд чөлөөт орчуулга гэж яриад сууж байхгүй юмсан гэж боддог юм. Орчуулга эх бичвэртэйгээ ижил байх ёстойг манайхан жаахан умартчихаад байна... Хугацааны хувьд гэвэл хурдан ч хийж болохоор байлаа. Гэхдээ хэн нэгэн надад хугацаа заагаагүй болохоор барин тавин л хийлээ. Эхэндээ толь бичгээс харж жинхэнэ чимхлүүр ажлыг нугалсан. Дараа нь баатрынхаа дүрд бараг орох шахан ая дан, өнгийг нь тохируулах гэж үзлээ. Достоевскийн хамгийн хэцүү бичигдсэн зохиолуудын нэг юм байна билээ. Бичих үед амьдрал нь ч хэцүү байж. Ширээн дээр тавьсан эхнэрийнхээ цогцсын хажууд бичсэн гэж сонссон. Доод хонгилын хүний арьсанд орж байгаад үгээ хэлэн байж бичсэн гэдэг. Тиймээс ямар бичлэг байх нь ойлгомжтой биз дээ? Тийм агуу амьтныг зовоосон гэж бодохоор яавч хүүхдийн тоглоом биш байж таарна. Тэргүүн бүлгийг орчуулчхаад нэлээн удаан орхичихсон. Ажил, амьдрал ч зав өгсөнгүй. Хоёрдугаар бүлгийг өнгөрсөн намар, өвөл орчууллаа. Дунд нь бас л орхисон. Бодвол шингээх ёстой байсан юм байлгүй. Харин энэ зунжингаа юүтүүбээс англи, оросоор нь сонсож байгаад тулгалаа даа. Хэл сурах залууст хэрэгтэй орчуулга шиг боллоо. Хоёр англи орчуулгаар би өөрийнхийгөө бас нягталлаа. Дутахгүй л юм шиг санагдаад байгаа.

-Оросоос орчуулаад англиар шалгасан хэрэг үү?

-Тийм ээ. Ер нь би нэг аргатай болоод байгаа. Англиас орчуулахдаа оросоор, оросоос орчуулахдаа англиар хардаг. Хялбар болдог. Европын рационализм, романтизм, утопи, социализм гэх мэт, гэх зэргийг гадарлаж байж доод хонгилын хүний монологийг илүү ойлгох байх. “Саруул ухаан, ухамсар гэх зэрэг үгсийг ойлгох ер нь хэцүү байсан. Гэхдээ би Буддын шашны ухагдахуунуудаас л яг юуг хэлээд байгааг нь жаахан гадарласан шүү. Достоевский үнэхээр төрчихсөн зохиолч байжээ. Шал ондоо соёл шашны ухагдахуунтай хүртэл нийцэж байна гэдэг л ёстой л сонгодог зохиолын л шинж байх даа. Тэр үед Европод Буддын шашны талаар бүрэн ойлголт байгаагүй. Бүдүүлгүүдийн л шашин гэсэн ойлголттой байсан шүү дээ. Лев Толстойн "Карма" гэдэг үгүүллэг бий л дээ. Гэхдээ европчууд буруу хазгай ойлгодог байсан цаг. Хорьдугаар зуунд төвөдүүд хөөгдөж очоод заасан. Тэгэхээр Достоевский үнэхээр төрсөн психолог байсан байгаа юм. Гэхдээ мань хашир "Би психолог биш жинхэнэ реалист зохиолч" гэдэг байсан. Европын сэтгэл судлал дөнгөж л хөгжиж байхад бичсэн гэхээр гайхмаар. Хожим нь Фредрих Ницше хүртэл Доод хонгилыг уншиж, онгодоо хөглөж байжээ. Тэгэхээр европын сэтгэл судлалыг бас хөгжүүлсэн зохиол гэхэд болох байх. Тэгээд тэр үү, сэтгэл судлаачид заавал унших ёстой зохиол гэдэг юм байна лээ.

-"Саруул ухаан", "ухамсар"-ынхаа талаар жаахан тайлбарлаач?..

-Монгол хэлний "сэтгэл" гэдэг үг маш олон утгатай ажээ. Харин орос, англи хэлэнд ийм өргөн утгатай үг байдаггүй юм байна. Энэ талаар орос, англи хэлтнүүд Буддын шашны сургаал орчуулахдаа их ярьж байна. Дуалистик буюу салаа (хоёрдмол) шинжтэй европ хэлэнд дорнын хэлэнд байдаг сэтгэл гэдэг шиг утгатай үг байхгүй гэцгээжээ. Одоо ч гэсэн оросууд сознание” гэж орчуулаад байгаа юм. Тэр нь бас дутмаг, буруу ойлгогдох магадлалтай. Би энэ үгийг Доод хонгилд “ухамсар” гэж орчуулсан. Англичууд харин mind гээд байгаа. Гэхдээ "Mindheart" гээд үг зохиосон гэдэг ч олны дэмжлэг аваагүй юм шиг байна. Разум, сознание”, душа, совесть гэдэг үгс сэтгэл гэдэг үгтэй харьцуулбал явцуу утгатай. Үүнийг Достоевский мэдрээд миний цээжинд олноос олон "элемент" арвалзан язганадаг гэсэн байгаа юм даа. Би үүнийг нь бодол, санаа гэж орчуулаад алдас хийх шахсан. Бодол санаа, эмоцийг (одоо манайхны ярьдгаар) нэг үгээр илэрхийлэх боломжгүй болохоор элемент гэж л дээ. Хэлний ийм л хязгаарыг мэдрүүлсэн зохиол. Үнэхээр сэтгэл зүйн зохиол. "Сэтгэл ба санаа" гэдэг эргэцүүлэл дээр үед бичсэнийгээ "Миний аав Бурхан биш" гэдэг номдоо оруулсан.

-Орчуулсан хэд дэх бүтээл чинь билээ?

-"Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт" гэдэг ном 2018 онд гаргасан. Соёлын сургууль хэвлүүлсэн. Тэр номонд олон улсын гэрээ конвенцийн эх бичвэрүүдийн орчуулга, тайлбар бас судалгаа бий. Энэ чиглэлийн анхны ном байгаа юм, уг нь. Гэтэл яамныхан жорлонд орчихсон аятай таг болчихсон. Одоо Соёлын яамтай боллоо, нэг шуугиан сонсогдох байгаа. Арай ч жорлонгийн ус шиг татчихгүй байх. Амин чухал сэдэв шүү дээ. Хаа сайгүй метал илрүүлэгчтэй доншуучлагч нар тэнэж байна шүү дээ. Чулуун сайд "Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллана" гэсэн нь цэлмэг тэнгэрт аянга дуугарахтай адил сонсогдсон. Сайхан сонсогдсон.

- Өмнөх орчуулгуудаас чинь ямар ялгаатай, ямар онцлогтой вэ?

Ер нь би хуулийн орчуулгууд ихэвчлэн хийдэг. Сүүлд үндсэн хуулийн эрх зүйн эцэг гэгддэг Дайсигийн номноос орчуулга хийж өгсөн. Доод хонгилын онцлог гэвэл бичвэрийн тэмдэглэгээнүүдийг нь тэр чигт нь буулгах гэж оролдсон. Харин сүүлд баахан таслал хассан. Буруудав уу зөвдөв үү? Ер нь манай орчуулагч нар бичвэрийн тэмдэглэгээнүүдийг огт хайхардаггүй. Гэтэл бичвэри

СЭТГЭГДЭЛ БИЧИХ