Архидалтаас болж алдрайхан үрсээ "алдсаар" байх уу?

Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр Онцгой байдлын алба хаагчид СХД-ийн нэгэн айлд хоёр өдөр дараалан очжээ. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байжээ. Иймд алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан аж. Үүнээс харахад алба хаагчид ажиглалт хийж яваагүй бол охинд юу тохиолдох байсныг бодохоос ч аймшигтай.
Түүнчлэн хүүхэд хамгааллын ажилтны хэлснээр, охины гэр орны нөхцөл байдал хүнд, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй. Ээж нь согтуу ирээд, хүүхдээ авна гэж мэдэгдсэн гэх.
Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс. Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж.
Энэ нь нөгөө л намаг балчиг руу татаж байдаг ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотой. Нөгөө талаар Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийн толины тусгал гэж болно. Гэмт хэргийн золиос болж буй хүүхдүүдийн олонх нь эцэг, эхийн хараа хяналт суларснаас хохирсон байдаг. Харин энэ бүгдийн золиос нь бяцхан хүүхдүүд болсоор байгааг хэрхэх вэ.
Угтаа сүүлийн жилүүдэд иргэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгт багагүй анхаарал хандуулдаг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу хамтарсан багууд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд хараа, хяналт тавихаар болсон. Гэвч төсвийн хөрөнгө мөнгө, дарга нарын сэтгэл дутсанаар энэ ажил хэрэгжихгүй л байна. Тиймээс биеэ хамгаалах чадваргүй бяцхан үрс, хүүхдээ хамгаалах чадваргүй эцэг, эхчүүдэд чадах, ядахаараа нийтээрээ хяналт тавьж, зохих байгууллагад хандмаар байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ