Нидерланд улсад суугаа иргэдийн анхааралд!

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд М.Рутт, Эрүүл мэндийн сайд Хюго дө Жонж нар /2020.11.04/ хэвлэлийн бага хурал хийж, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах болсноо олон нийтэд мэдээлэв.


Нидерландад Ковид-19 цар тахлын тархалт 10 дугаар сарын эхээр эрчимжсэн тул тус улсын Засгийн газар 10 дугаар сарын 14-нөөс эхлэн хагас хөл хорионы дэглэмд шилжээд байсан бөгөөд зарласан шинэ арга хэмжээнүүд нь нэмэлт шаардлагууд болж байна. Эдгээр арга хэмжээ 11 дүгээр сарын 4-ний 22:00 цагаас эхлэх бөгөөд 11 дүгээр сарын 17 хүртэл үйлчилнэ. Дараах арга хэмжээг авахаар болсон байна.


Үүнд: Иргэдийн цугларалт:


- Өрх бүр өдөрт гэртээ 2-оос дээшгүй зочин хүлээж авна.

- Өөр өрхийн 2 хүртэлх тооны хүмүүс гадаа болон дотор байранд уулзаж болно.

- Оршуулгын ёслоод 30 хүртэл хүн оролцоно /11 дүгээр сарын 9-нөөс эхлэн/.

- Хуримын ёслолд 20 хүртэл хүн оролцоно.


Ам, хамрын хаалт зүүх:


- 12 хүртэлх насны бүх хүн олон нийтийн газар явах болон нийтийн тээврээр зорчихдоо ам, хамар хаасан хаалт зүүнэ.

- Ахлах сургууль, техник, мэргэжлийн сургууль, их дээд сургуулийн оюутан сурагчид хичээлийн танхимаас бусад сургуулийн орчинд ам, хамрын хаалт зүүнэ.


Өдөр тутмын амьдралд:


- Гэрээсээ аль болох үл гарах, ялангуяа амралтын өдрүүдэд гэрт байхыг зөвлөж байна.

- Музей, театр, кино театр, зугаалах парк, амьтны хүрээлэн, усан сан, номын сан, улаан дэнлүүний газрууд зэрэг нийтийн үйлчилгээний газрууд ажиллахгүй.

- Урьдчилан хийсэн захиалгаа авахаас бусад тохиолдолд зоогийн, цайны, шар айрагны газрууд ажиллахгүй.

- Үндсэн үйлчилгээний зэрэгцээ хоол, цай, ундаагаар үйлчилдэг бол ийм төрлийн үйлчилгээг хаана.

- Жижиглэнгийн худалдааг орой 20:00 цагт хаана. Шатахуун түгээх газар, хүнсний том дэлгүүр үүнд үл хамаарна.

- Согтууруулах ундаа болон мансууруулах зөөлөн бодисын худалдааг 20:00-07:00 цагийн хооронд явуулахгүй.

- Олон нийтийн газар согтууруулах ундааг 20:00-07:00 цагийн хооронд хэрэглэж үл болно.

- Эсэргүүцлийн цуглаан, жагсаалаас бусад олон нийтийн арга хэмжээг хориглоно.


18 болон түүнээс дээш насны хүмүүсийн хувьд:


- Хамтран хичээл сургалт хийхээр цугларахыг хориглоно.

- Хүн хооронд 1,5 метрийн зайг барих боломжтой тохиолдолд спортоор хичээллэж болно.

- Уралдаан, тэмцээн явуулахыг хориглоно.

- Спортын танхимын хувцас солих өрөө, шүршүүр, цайны газар хаалттай.

- Дээд түвшний мэргэжлийн спорт үүнд үл хамаарна.

- Спортын тэмцээнд хөгжөөн дэмжигчдийг оролцуулахгүй.


18-аас доош насны хүмүүсийн хувьд:


- Биеийн тамирын хамтарсан дасгал сургууль хийж болно.

- Тухайн клуб доторхоос бусад тэмцээнийг үл зөвшөөрнө.

- Спортын танхимын хувцас солих өрөө, шүршүүр, цайны газар хаалттай.


Зорчих хөдөлгөөн: Гэрээсээ бүү гар. ” Зарчмыг чанд мөрдөх.


- Чухал онц шаардлагагүй бол аливаа зорчих тийзийг ирэх нэгдүгээр сарын дунд хүртэл захиалахгүй байхыг зөвлөж байна.

- Онц шаардлагагүй бүхий л зорчих хөдөлгөөнийг хязгаарлахыг зөвлөж байна.

- Энэ зөвлөмжийг үл тоон амралтад явсан бол тэндээ хүлээхийг зөвлөж байна.

- Өдөртөө яваад буцаад ирэх зорчих хөдөлгөөнийг онцгой цөөрүүлэх.

- Хүн ихтэй газруудаас аль болох зайлсхийх.

- Зорчих хөдөлгөөний эрсдлийг илэрхийлсэн шаргал болон улаан өнгөөр тэмдэглэгдсэн орон, бүс нутгаас ирсэн хүмүүс 10 хоног өөрийгөө тусгаарлах ёстой.



МОНГОЛ УЛСААС БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ