Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн хотын шуудын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах, нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд 2019 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 

2019 онд нэг их наяд 381.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 50.1 тэрбум төгрөгөөр буюу 3.5 хувиар тасарчээ. Тодруулбал, татварын орлогын төлөвлөгөө 14.3 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар, татварын бус орлого 30.4 тэрбум төгрөгөөр буюу  25.2 хувиар  тус тус тасарсан байна. Нийслэлийн Татварын газар  хотын шуудын төлөвлөгөөнд 2019 онд 491.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас гүйцэтгэл нь 468.6 тэрбум төгрөг байна. 

Нийслэлийн Татварын газрын орлого тасарсан гол шалтгаан нь энэ оны ногдол өмнөх оны мөн үеэс буурсан учраас 23.2 тэрбум төгрөгөөр тасарсан гэдгийг нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран хэлэв.


 
УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Иймээс нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулна. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлгийг 44,201.3 сая төгрөгөөр, ОНХС-ийн орлогыг 4,078.2 сая төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогыг 17,246.5 сая төгрөгөөр багасгалаа. “Ковид-19” цар талын улмаас хувийн хэвшлийн ААН-ийн ажиллагсдын цалингаас суутгах ХХОАТ-ыг 2020.04.01-2020.10.01 өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд чөлөөлсөн, үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн зэрэг шалтгаанаас үүдэн нийслэлийн төсөв 2020 оны аравдугаар сарын байдлаар 1.1 их наяд төгрөг төвлөрөхөөс 654 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 345  тэрбум төгрөгөөр тасарсан байна. 

Тиймээс Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт  нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг нэг их наяд 211 тэрбум төгрөг гэж тусгасныг өөрчлөл оруулж нэг их наяд 33 сая төгрөг байхаар тусгалаа. Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хурлаар хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хурлыг баасан гарагийн  10 цагт  товлолоо.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ