Д.Нарангэрэл: Тоглолтын үеэр ойрын хавьтал болсон 23 хүнийг тусгаарласан

21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гарсан 29 настай, эрэгтэй олон улсын автотээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илрээд байна. 

29 настэй, эрэгтэй тус нь 2020.10.16-2020.11.06-ны хооронд "Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг журам цуцлагдсан байсан билээ. 

Халдвар авсан гэр бүлийн хүмүүсийн талаарх зарим мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Eagle" телевизэд өгчээ.  

Тэрбээр “PCR шинжилгээгээр эхнэр, нөхөр хоёроос коронавирус илэрсэн. Бид гадаадаас ирсэн ачаа тээврийн жолооч нар болон иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. 21 хоногийн тусгаарлалтын дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг журамтай байсан. Энэ журам өөрчлөгдөж, зөвхөн 21 хоног тусгаарлалтад байлгадаг дэглэмийг мөрдөж байгаа. Энэ хүн нь гэртээ гарсан байсан.

Халдвар авсан хоёр хүн өчигдөр өдрөөс эхлээд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж эхэлсэн. "Энхсаран" сувилалд байхдаа энэ хүний ойролцоо байсан хүнд коронавирус илэрсэн юм байна.

Өөрөөр хэлбэл,  "Энхсаран" сувилалд байхдаа коронавирус илэрсэн хүнтэй хавьтал болж халдвар аваад, эхнэртээ халдаасан байх боломжтой. Одоогоор хэлэхэд эрт байна. Мөн одоогийн байдлаар тандалт судалгааны баг гарчихсан нарийвчилсан судалгаа хийж байгаа. 

Эхний байдлаар тандалт судалгаа хийхэд тухайн хүн UB паласт тоглолт үзэхдээ хамгийн арын суудалд суусан байсан. Тэгэхээр тухайн газарт байсан 2000 хүн халдвар авсан байх магадлал маш бага. Бид 1.5-2 метрийн зайтай байсан хүмүүсийг тандан судалж байгаа ба ойрын хавьтал болох 23 хүнээс шинжилгээ авч тусгаарлах үйл ажиллагаа явуулж байна.

Тийм учраас тухайн өдөр UB паласт тоглолт үзсэн хүмүүс айж, сандрах хэрэггүй. Харин гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай, дархлаагаа дэмжин, амны хаалтаа сайн зүүж, гараа сайн угааж, содтой усаар ам хамраа зайлж угаагаад өөрийгөө ажиглах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл 119, 100, 80086829 утсаар зөвлөгөө авч болно. Аль болох утсаар зөвлөгөө аваад гадуур явах шаардлагагүй, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх шаардлагагүй” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ