Намрын чуулганы хэрүүлийн сэдвүүд


Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг гаргаж, “Хадгаламж” банкийг наадмын дараахан Төрийн банкинд нэгтгэсэн. Энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс олон тэрбумыг хулгайлж, томоохон зээлдэгчдийн өрийг найдваргүй зээлд тооцон барагдуулдаг Ард банкнаас эхэлсэн олон арван луйврын нэг болов. “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын Олон овоотын олон лицензийг авч булуу хураасан “Жаст”-ын Ш.Батхүү өрөнд баригдаж, өтөнд идэгдэхийн эрхэнд “Хадгаламж”-ийг ийн төрөл арилжуулж орхилоо. Экс Ерөнхий сайд С.Баяр, С.Батболд нарын шууд оролцоотой Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар баталгаа гаргуулж, ӨАБНУ-ын Стандарт” банкнаас 190 сая ам.доллар авсан “Жаст” удахгүй Монгол Улсын Засгийн газрыг бажгадуулах бололтой. МАН-ын томчуудын хутгаж орхисон эл бантанг өмнөх засагт Тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуяг ч хаацайлах гээд ч барахгүй.
Намрын оготор шар нарны илч буураагүй байхад шуудай модны үнэ 1500 төгрөгт хүрчээ. Наймдугаар сарын 5-наас эрчим хүчний хэрэглээ суурь хураамжтай болж, дулаан, цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдсэн. Одоохондоо хөхүүрийн ам хараахан цаашлаагүй, хэрэглэгчид төлбөр тооцоогоо хийж эхлээгүй байгаа болохоор иргэд ажин түжин байна. Харин хүйтний эрч чангарахад иргэдийн бухимдал мод, нүүрс, дулаан, цахилгааны үнээс болж дарин дээр давс нэмэх болов уу. Төгрөгийн ханш навс унахын хэрээр амьжиргааны өртөг тэнгэрт гарах нь.
Ам.долларын ханш ганцхан сарын дотор 1700 төгрөг давлаа. Ногооны ханшийг хазаарлана гэсэн Монголбанкны амлалт талаар болов. Дагаад Хятадын юань иссэн тараг шиг савныхаа амсар давлаа. Өмсөх хувцас байтугай идэх юм нь өмнөд хөршөөс ихээхэн хамааралтай монголчууд энэ янзаараа байвал бүсээ чангалахад хүрнэ. МАН-ын шинэчлэлийн залуучууд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцор хэмээн шаардсан шаардаагүй Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа хэдийнэ дэнжигнэж эхэлсэн.
Х.Аянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ