Монголын хуульчид нэгэн холбоонд нэгдэв

Монголын хуульчид анхдугаар их хурлаа хийж, Монголын хуульчдын холбоо байгуулан тэргүүнээрээ өмгөөлөгч Т.Батсүхийг сонголоо. Гурван өдөр дараалан үргэлжилсэн тус их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт хүргүүлсэн юм.


Илгээлтэд Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хуулиар хуульчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь нэн чухал юм. Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, холбоо биш. Энэ бол төрийн зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авч буй нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Тодруулбал, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, харилцан хяналттай, тунгалаг байлгах тогтолцоо юм. Иймд Хуульчдын холбоо илүү их хариуцлагатай, ил тод, хүрээмжтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах ёстой. Энэхүү холбоо цаашид шинээр байгуулагдах олон зуун мэргэжлийн холбоодод зөв үлгэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович энэ сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Ноён М.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхав. Хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийгдсэн юм. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Хөдөө аж ахуй, хүнсний сайд Л.К.Заяц хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа Гадаад Харилцааны сайд Л.Болдтой уулзах үеэрээ илэрхийлсэн. Мөн шувууны аж ахуйг бүх талаар дэмжих, биотехнологи, малын эмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай ярилцаж, санал солилцлоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 30-аад асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150 мянган төгрөг олгож, үлдсэн 100 мянган төгрөгийг өөрөө гаргах Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын дагуухжурмыг шинэчиллээ. Шинэ журмын дагуу эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болно.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд "Ойг түймрээс хамгаалах тухай" хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хил орчмын нутагтой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэх юм. Хилийн цаана гарсан түймрийгцаг алдалгүйунтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлнэ. Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллана.

Монголын Онон, Балж, Оросын Амар мөрний эхийг хамарсан хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд багтах цэвэр цэнгэг усны эх үүсвэр, түүнийг зохицуулан барьж буй өмнөд Сибирийн тайгын экосистем, хил дамжин нүүдэллэн амьдардаг ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх ажээ. Мөн хоёр улсын хилийн дагуух бүс нутагтСийлхэмийн нуруу, Хөвсгөл, Хан Хэнтий, Монгол Дагуурын ДЦГ-ууд, ОХУ-ын талаас Увс нуурын хотгор, Түнхэн, Даурийн тал хамгаалалтад авна.

Энэ сарын 22-26-ны өдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болох Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын есдүгээр хуралдааннаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөж байна. Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид эдгээр болон бусад салбарт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, МҮХАҮТ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Засгийн газар хоорондын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурна.

Дипломат паспорт эзэмшигчдийг виз авахшаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжихээр тогтлоо. Хэлэлцээр байгуулснаар дипломат паспорт эзэмшигч зургаа хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болно. Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чехулстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ

Монголын Засгийн газрын урилгаар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Улаанбаатар хотноо айлчлав. Тэр манай Засгийн газар “Тони Блэйр сан”-тай таван төсөл дээр хамтран ажиллахаар нэг жилийн гэрээ байгуулсны дагуу төсөл хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцахаар иржээ. Мөн Засгийн газрын зарим гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзсан ажээ. “Тони Блэйр сан” нь өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд С.Батболдын үед Монголын Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж байсан бөгөөд өдгөө тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөлд Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдэгдэх зохицуулалтыг тусгасан байна.

Монгол Улсын Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга, доктор О.Лхагварэнцэн хийсэн мэдээлэлдээ,улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг шалгах, цагаатгах, нөхөн олговор олгох ажил үргэлжилж байна. Сүүлийн дөрвөнжилийн байдлаар 6131 иргэний хэргийг бүрэн шалгасан бөгөөд түүний дотор 2013 оны эхний наймдугаар сард 378 хүний хэргийг шалгажээ. Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар эхний наймдугаар сарын байдлаар 95 иргэнийг хилс хэргээс цагаатгаад байна. Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгажээ. ИХ-аас 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг төрөөс олгоод байна гэв.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ