Ж.Батзандангийн тарьсан шуугиан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Энэ талаар өмнө нь нийтлэгдэж байсан “Ж.Батзандангийн тарьсан шуугиан” нийтлэлийг дахин толилуулав.

Эрхэм гишүүн Ж.Батзандан өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон ч амьдрал дээр төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд салхи оруулахаар шийдсэн нь дээдсийн хүрээнд шуугиан тарьж эхлэв. Яагаад гэвэл түүний санаачилсан нэмэлт өөрчлөлтийг хуульд тусгавал төрийн өндөр албан тушаалтан 150 шахам хүнд л шууд үйлчлэх юм. Бусад иргэдэд хамаагүй мэт авч цаагуураа Монголын нийгэмд ихэд тустай. Албан тушаал, эрх мэдлээрээ гул барьсан зарим хүмүүс хэрээс хэтэрсэн эрх ямба эдэлж, эд хөрөнгө зоорилж байгаа нь нууц биш. УИХ, Засгийн газрын гишүүдийн дотор Лондонд харштай, Чежү аралд усан онгоцтой, Хайнаньд сэрүүн лавринтай, Швейцарь, Сингапурын банкинд хадгаламжийн данстай тэрбумтан байна. Зах зээлийн нийгэмд хэн ямар хөрөнгө зоорьтой байх нь хүний эрхийн асуудал боловч Монголд босгосон хөрөнгө мөнгөө харьд зоорилох нь яавч эх оронч үзэл биш болов уу. Тэгээд ч төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө шударгаар зүтгэх үүрэг хариуцлага үүрдгээрээ бусдаас онцлогтой. Ийм учраас наад зах нь эмнэлгийн үйлчилгээг голж гадаадад шинжилгээ өгдөггүй, харь эхнэр, нөхрийн эрхшээл дор хэдэн төгрөгөө гадагш урсгаад байдаггүй болоосой гэж бодогдоно. Цаад зах нь төрийн өндөр албан тушаалтнуудын толгойд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллүүд байдаг учраас улс орны тусгаар тогтнол, эрх ашигт нөлөөлөх талтай.

Иймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэн боловч тухайн үедээ буюу түүнээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс, банкны зээл, үл хөдлөх хөрөнгөтэй байх, гадаад улсын компанийн үнэт цаас эзэмших. Өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр архи, тамхины үйлдвэрлэл болон импорт эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьцаа, үнэт цаас эзэмших. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд улсын зардлаар гадаадын эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах, казино болон төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэх. Мөн улс үндэсний аюулгүй байдал, төрийн албан тушаалтны ёс зүй болон нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр, нөхөртэй иргэнийг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохдоо Монгол Улсын иргэншилтэй болсон байхыг шалгуур үзүүлэлт болгохоор санал асуулга явуулж эхэлжээ. Энэ бол нэлээд эмзэг асуудал бөгөөд анхнаасаа хэл ам дагуулж эхлэв. Социализмын үед МАХН-ын Улс төрийн Товчооны долоон гишүүний гурав нь лав орос эхнэртэй байсныг түүх мартаагүй. Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен орос эхнэртэй байгаад улс орноо ч бодсон уу буцаасан гэдэг.

Харин монголчууд бүр XIII зуунаас төрийн хэрэгт энэ талаар ихэд болгоомжтой хандаж байжээ. Чингис хаан “Нэгэн сэтгэлт эр хэмээвээс эр бус эрдэнэ. Хоёр сэтгэлт эр хэмээвээс эр бус эхнэр. Нэгэн сэтгэлт эм хэмээвээс эхнэр бус эр. Хоёр сэтгэлт эм хэмээвээс эм бус албин чөтгөр” хэмээн тодорхойлсон байдаг. Их хаан төрийн хэрэгт хоёр сэтгэл өвөрлөхөөс ихээхэн болгоомжилдог байсныг “Нууц товчоо”-нд өгүүлсэн нь бий. “Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан гэрийн гадна Есүй хатан, Есүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал Есүй хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирүүлээд өгүүлрүүн “Та хоёр энд чуулсан ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн” гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггүй үлджээ. “Чи юун хүн бэ гэж асуувал тэр хүн өгүүлрүүн “Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ” гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл “Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж энд ирсэн ажээ. Нүднээс далд болго” гэсэн байдаг. Хоёр сэтгэлт эм эзэн Чингисийн амийг аваад явах аюулыг зайлуулж чадсанаар Есүй хатныг өөртөө насан туршид нь үнэнчээр зүтгүүлж чадсан билээ. Чингис хаан Тангуд иргэнтэй байлдахаар явахдаа Есүй хатнаа авч явсан нь Есүй хатнаараа толгойгоо түшүүлэх хувь зохиол байсан бизээ хэмээн “Чингис хааны арга билгийг үзэх үзэл: Эмэгтэйчүүд” бүтээлдээ доктор, профессор С.Отгонжаргал дурдсан нь онцгой сонирхол татна. Тэртээ нэгэн цагт Есүй хатныг авааль эрээ хараад сүүрс алдаж суухад Чингис хаан анзааралгүй өнгөрч болох байсан. Хатнаа санаа алдахад мэдрэмжтэй хандаж, учрыг олж асуудлыг шийдэж байсан хаан түүхэнд хэд байдаг бол. Чингис хаан “Сэтгэлийг нь хураагтун, сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ” гэсэн сургаал үгээ хэрэгжүүлж, Есүйгийн сэтгэлийг нэг болгох асуудлыг оюуны хүчээр шийдсэн нь түмэн үед ач тусаа өгсөн байна. Дайсныхаа хүнийг ч өөрийн итгэлт ханиа болгох ухаан гагц Чингис хаанд байсан гэлтэй.

Түүх сөхвөл төрийн түшээ Ж.Батзандан зүгээр нэг шуугиан тарьсангүй ээ.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ