Азгүй Засгийн газар

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Харин энэ хугацаанд Н.Алтанхуягийн танхим азгүйтэж, басхүү арчаагүй байдалтайгаар нэг жилийг аргацаав. Эдийн засгийн хүнд байдал, ам.долларын өсөлт болон гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг олон таагүй байдал борооны дараах мөөг шиг цуврах энэ үед тэд ч яах учраа мэдэхгүй байна.

Ноён долларын солиорол

Ноён доллар гэж авгайлах ам.долларын ханш цаг хугацаатай уралдан өсч, үүнээс үүдэн төгрөг үнэгүйдэж байгааг бид харж, бас мэдэрч байна. Импортоос хараат манай улсын хувьд энэ байдал нь бүхий л зүйлд нөлөөлж, олон таагүй зүйлсийн эхлэл боллоо.

1400 орчим төгрөгийн ханш хоёроос гурван жил тогтвортой байсан ноён доллар ийнхүү гэнэт өсөхөд Монголбанк болон Засгийн газрын ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлэхгүй байна. Энэ байдалд бухимдсан зарим хүмүүс энгийн бас бүдүүлгээр Төрийн ордон руу салаавч гарган эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ байдал эсэргүүцлийн эхлэл. Цааш хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байна. Хариуцлагагүй байдлаас үүслээ хэмээн үзэж байгаа зарим хүмүүс Засгийн газрын тэргүүн болон Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага оноож, огцрохыг хүсээд байгаа.

Ийнхүү ногоон солиорч, эдийн засаг уналтад ороод байхад Ерөнхий сайд нь тоосон ч шинжгүй эдийн засаг сэргэж байгаа хэмээн мэдэгдэж байгаа нь мөн л солиорч байгаагийн нэгэн илрэл болов уу. Энэ асуудал бол ер нь Монголбанкны асуудал хэмээн алдааг бусдад чихэж, өөрөөсөө зайлуулж суугаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Хууль хүлээсэн гадаадынхан

Гадаад валютын ханшийн өсөлтөд нөлөөлсөн хамгийн чухал зүйл бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалт буурсан явдал хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Улс орны амьдрал налайж, төрийн түшээд нь амралтаа аваад эзгүйрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүлээсэн хөрөнгө оруулагчид нэг ч алхам хийхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 41,2 хувиар буурсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард 172 сая доллар нь өмнөх онтой харьцуулахад 66 хувиар буурсан гэдгийг албаныхан хэлж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн нэгэн чухал хүчин зүйл бол мэдээж Оюутолгойн асуудал юм. Учир нь хариуцлагагүй, оновчгүй Оюутолгойн гэрээнээс болж гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэмээн эдийн засагчид үзэж байгаа. “Рио Тинто”-гийн хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалт орж ирвэл ноён долларын солиорол зогсч, улс орны эдийн засаг тогтворжно гэж үзэх хүмүүс бий.

Дэлхийн зах зээлд тохирсон наймаандаа хүрч чаддагүй хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа энэ цаг үед манай Засгийн газар гэдийх хэрэг байхгүй. Хөрөнгө оруулалт зогсч, улс орны эдийн засаг уналтад орохоос өмнө нь хуулиндаа өөрчлөлт оруулж, тохиролцоонд хүрэх нь зөв алхам байх.

Хангалттгүй ургац хураалт

Үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьтай явагдаж байна” хэмээн холбогдох байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт мэдээллэсэн. Гэтэл цаг агаар огцом хүйтэрч, зарим нутгуудад нойтон цас унаад байгаа. Ургац хураалтын байдал тааруу байгаа энэ цаг үед ийнхүү нойтон цас орж, хүйтэрч байгаа хүндхэн цохилт болж байна.

Шинэчлэгчдийн танхимыг азгүй Засгийн газар гэж нэрлэхэд ч багадахаар байна. Учир нь эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц манай улсад байсан. Гагцхүү түүнийг эрэлхийлж, оновчтой зөв бодлого явуулж чадаагүйд л бүх учир бий. Шинэчлэлийн Засгийн газраас 1.5 тэрбум, 580 сая ам.долларын Чингис бондыг дэлхийн зах зээл дээр гаргажээ. Их хэмжээний мөнгө гэнэт ороод ирэхэд манай Засгийн газар балмагдаж, яаж зарцуулахаа мэдэхгүй учир утгагүйгээр цацаж эхэлсэн. Гэтэл удсан ч үгүй бондын ханш унаж эхэллээ. Үүнийг мөн л Монгол Улсад итгэх итгэлгүй болж байгаагийн илрэл хэмээн тайлбарлах эдийн засагчид байна. Хэрвээ үүнийг зөв зүйтэй ашигласан бол өнөөдөр эдийн засаг уналтад орохгүй байх байсан.

Улс орны өмнө тулгараад байгаа хүнд байдалд Шинэчлэлийн Засгийн газар л хариуцлага үүрэх ёстой. Нэг нам олон жил төрийн эрхэнд суусныг тэвчилгүй ард түмэн АН-д итгэл үзүүлэн төрийн жолоог атгуулсан. Ард түмний итгэл дээр тулгуурлан олон зүйл хийх боломж тэдэнд байлаа. Үүнээс гадна хүчгүй сөрөг хүчин. Тэд энэ их боломжийг ашигласан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй, бусдаар чичлүүлэхгүй байв. Олон жил төрийн жолоог атгаагүй, сөрөг хүчний байр сууринаас оролцож байсан тэдний хувьд ийнхүү бүхий л засаглалыг гартаа авсан нь хүндхэн цохилт болсон уу.

Төрийн албыг төрлийн алба болгож, хэтэрхий найрсаг найзан дундаа ажлаа хийсний үр дүн мөн л өнөөдрийн байдал. Түүний бодит жишээ бол Дэнзэн. Гэхдээ Дэнзэнд ажлын сайн эхлэл байсан ч луйврын тендерийн харгайгаар түүнийг Данзан болгож орхисон. Данзангийн дараа Бодоо гэсэн хүмүүсийн урт цуваа байгаа.

Нам гэхээс илүүтэйгээр фракц бүлгээр ажлаа явуулж байгаа нь мөн л тэдний том алдаа. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар энэ байдлаараа цааш үргэлжилбэл улам хүндрэх нь тодорхой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ