Монголын төр жиргээчдийн зугаа болоод дуусах уу

Монгол төрийн сульдаа гэдэг л энэ байх. Төрөө хүндлэх сэтгэл хүн бүхэнд байдаг. Гэтэл түүнийг уландаа гишгэж, цагтаа төр түшилцэж явсан эрхэм гудамжнаас салаавч гаргаад зогсч байна. Нийгмийн сайн сайхны төлөө ийм үйлдэл үзүүлж байна гэсэн тайлбар тавих түүнд төр болон түмэн олноосоо ичих нүүр алга.

Төрийн албан хаагч руу салаавч гаргаж, доромжилсон гэж эхнээсээ тэнсэн харгалзах ял авч эхлээд байхад бүр төрийн ордон руугаа нийтээрээ нийлж байгаад салаавч үзүүлсэн цадиггүй явдалд цагдаагийн байгууллагаас “толгойг нь илээд” л өнгөрөөлөө. Угтаа бол төр төмөр нүүрийг харуулж, хариуцлага оноох ёстой. Ингэж л хазааргүй төр, тэр тусмаа том толгой гаргасан ёс зүйгээ уландаа гишгэж, шаварт хутгасан нөхдүүд даврах шинжтэй.

Өмнөх нөхдүүдээс ганц л тэнсэн аваад салсан болохоор тэд ийм үйлдэл гаргаж, даварч байгаа юм. Уур бухимдлыг илэрхийлэл хэмээн салаавч гаргадаг “мода”-ыг УИХ-ын гишүүн Сайхансамбуу эхлүүлсэн. Тэрбээр Б.Бат-Эрдэнэгишүүн рүү салаавч гаргасан бөгөөд тухайн үед нийгмээрээ шүүмжилж байсан. Гэтэл тэрбээр “тоглоом байсан” хэмээн өнгөрөөсөн. Түүний УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр үргэлжлүүлсэн. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгайгийнхны өөдөөс жижигхэн салаавч харуулж амжсан. Түүнийгээ “хулгайч дээрэмчин тонуулчин царайтай, хөгийн юмнууд руу салаавч гаргасан болохоос төрийн албан хаагчид руу гаргаагүй шүү. Төр албан хаагчдаа ингэж хамгаалах юм бол хувцас хунарыг ньжигдэлж таних тэмдэг тавихгүй яасан юм” гэсэн тайлбарыг өгч өөрийгөө хамгаалсан. Энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага үүрсэн нэгэн. Тоглоом шоглоомоор салаавч гаргаж эхлүүлсэн энэ “мода” эцэс сүүлдээ томоохон зодооны эхлэл ч болсон. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан У.Хүрэлсүх гишүүнд салаавч өгснийхөө хариулд түүний гарын амтыг хангалттай мэдэрсэн.Үүний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр II эмнэлэгт эмчлүүлж байхдаа хамгаалагч болон эмч нарын өмнөөс гаргаж эсэргүүцлээ илэрхийлж, салаавч гаргасан гэрэл зургийн хальснаа буусан байдаг.

Ийнхүү цадиггүй эрхмүүдийн ухамсаргүй үйлдлүүд нийгмийг хаашаа чиглүүлж байна вэ. Ноён долларын үсрэнгүй ханшийг эсэргүүцэж байгаа нь зөв ч түүнийгээ илэрхийлж байгаа нь буруу. Салаавч гаргаж, сайхан жиргэж суух бус гарцыг хайгаад санал болгож суух ёстой. Сангийн дэд сайд байсан хүн эдийн засгийн хүнд байдлаас гарах гарцыг салаавч үзүүлэх гэж харж байгаа бол том эндүүрэл.

Салаавч элбэгшиж, хүрээгээ тэллээ гэхэд хэн хариуцлага хүлээх болж байна. Өнөөдөр ухамсартай гэж бодсон хэдэн нөхдүүд нь Төрийн ордон луу салаавч өгч байгаа юм чинь маргааш хэн өгөх бол гэдгийг хэлж мэдэхгүй. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг хууль хүчний байгууллагынхан хариуцлага оноож, салаавчны хүрээг энд зогсоох ёстой байх аа.

Үнэхээр Монголын төр салаавч хүлээж аваад байх тийм сульдаа юм уу. Аль эсвэл толгойдоо орсноо сийрүүлж байдаг жиргээч нөхдийн зугаа юм уу.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ