Айхгүй, шантрахгүй Ц.Элбэгдорж

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь яалт ч үгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд оролцсон явдал байв. Тус чуулган дахь Монголын төдийгүй, Азийн дуу хоолой болов гэхэд хилсдэхгүй байх. Тэрбээр, Ерөнхий ассамблейн Ерөнхий санал, шүүмжлэлд үг хэлсэн нь дэлхий дахины сонорт хүрсэн үйл хэрэг болов. Түүний хэлсэн үгийг тоймловол, бид дэлхий дахины байдлыг хамтран хэлэлцэж, шийдэхээр цуглаад байна.
Жил бүр 70 сая хүн дундаж давхрагад шилжиж байгаа нь Мянганы хөгжлийн зорилтын үр дүн билээ. 2015 оныг барианы бус шинэ эринд шилжих гарааны цэг гэж үзэх хэрэгтэй. Өнөөдөр 200 сая хүн ажилгүй, 50 сая илүү хүүхэд сургуульгүй, найман хүн тутмын нэг өлөн зэлмүүн амьдарч, 900 тэрбум гаруй ам.долларыг зэр зэвсэгт зориулж байна. Ийм байдлыг хүлцэж болохгүй. Үйлдвэрлэлийн хүрээнд хэрэглээ дэлхийн чадавхиас хэтэрчээ. Нөөц баялаг шавхагдан, хүн төрөлхтөнд ноцтой аюул учрав. Энэ бүхнийг өөрчлөх цаг иржээ.
Монгол орныхоо талаар танилцуулж, арт түмнийхээ санал бодлыг та бүхэнтэй хуваалцъя. Монгол бол нэн баялаг түүхтэй, өнө эртний боловч цэл залуу сэтгэлгээтэй орон билээ. Хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж буй эдийн засгийн хурдацтай өсөлт маань дэлхийд хошуучлагчдын эгнээнд оруулав. “Монголын ирээдүйн талаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дэлхийн эдийн засгийн чуулга, уулзалтыг эх орондоо амжилттай зохиолоо.
Ногоон хөгжлийн Азийн асар том сүлжээ байгуулав. Монгол оронд бүх шатанд авлигатай тэмцэхийн чухлыг өнгөрсөн онд би ярьж байсан. Ардчиллын дайсан авлигатай тэмцэх ажлыг эх орон даяар өрнүүлээд байна. Бидний санаачилсан Азийн ардчилсан сүлжээ, сайд нарын зөвлөлдөх уулзалт ардчиллыг бэхжүүлэх үндэс суурийг бат бэх тавив. Дэлхийн өнцөг булан бүрт хямрал, мөргөлдөөн гарч, мянга мянган хүн амь үрэгдэж, сая сая хүн орон гэргүй болж, түүнээс ч илүү хүн зовж шаналж байна. Үүний тод жишээ нь Сири юм. Энэ бүхнийг энхийн замаар шийднэ гэдэгт найдаж байгаа.
Эцэст тэмдэглэн хэлэхэд, иргэд мэдээлэлтэй болж, оролцоо нь илүү өргөжих аваас сайн үйлс улам дэлгэрнээ. Бид шударга, нээлттэй, ил тод дэлхийн хамтын нийгэмлэг байгуулж, бэхжүүлэхийн төлөө үйлсдээ айхгүй, шантрахгүй байх ёстой гэсэн юм. Тэрбээр, мөн хэд хэдэн уулзалтад оролцон үг хэлсэн нь манай Ерөнхийлөгчийн гэлтгүй, Монгол Улсын чансааг дэлхийд харууллаа гэж болох үзүүлэлт билээ.
Улирагч долоон хоногт болсон улс төрийн бас нэгэн өвөрмөц үйл явдал нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль”-ийн төсөл бөгөөд хууль батлагчид хийгээд иргэдийн анхаарлыг ихээр татаж байна.
Жинхэнэ үгүйлэгдэж байсан хууль бараг тэр байж гэхээр харагдав. Энэ хууль дэмжигдсэн шигээ батлагдчихвал, халдашгүй дархан эрхтэй гэх эрхэм гишүүдийн хэт даварсан үйлдлийг таслан зогсоох, дарах ганц алхам, ерөндөг нь болох итгэл төрүүлнэ билээ.
УИХ-ын ээлжит бус чуулганыг орхиж бас болохгүй. Чуулган болдгоороо болсон ч хуулийн таван багц төслийн ядаж ганцыг нь ч болов баталж чадалгүй байсаар хаав. Манай практикт урьд нь тохиож байгаагүй юм гэнэ билээ. Түүнийгээ ч хөөрхөн тайлбарлах юм. Хууль заавал батлах албагүй. Тэглээ гээд сайн зүйл ч болохгүй. Хоёрын хооронд хууль батлахаар батлаагүй нь дээр. Харин сайжруулахын тул сайн ярьсан нь олз боллоо ч гэх шиг.
Хамгийн ихээр шуугиан тарьсан нэгэн зүйл нь халдашгүй дархан эрхтэй эрхэм гишүүн гэгдэх Н.Номтойбаярын хутга, шөвөгний хэрэг байлаа. Зарим эх сурвалж Н.Номтойбаяр хүн хутгалсан хэмээсэн. Тэрбээр өөрөө, би хүн хутгалаагүй. Нямдорж над руу хутга барьж дайрсан гэх. Нямдорж нь болохоор бидний дундуур хамгаалагч нь ороод хутгалуулсан гэдэг. Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэсэн, үгүй хэмээн будилсаар. Н.Номтойбаярын өмгөөлөгч хэргийг бараг үгүйсгэх шиг. Нэг ийм “жонхуу” Монголын улс төрийг булж орхисон долоон хоног боллоо. Ёстой л нөгөө УИХ-ын гишүүний дархан эрхийг эс түдгэлзүүлсэн цагт энэ хэрэг нэг тийш болохгүй байх аа.
Долоон хоногийн “эмгэнэлт” үйл явдлаар эмнэлгийнхний, бүр ГССЗҮТ-ийн эмч нарын ажил хаялт, суулт гарцаагүй тодрох биз. Тангараг өргөсөн цагаан халаадтанууд чухам яагаад тангарагаасаа “няцсан” нь одоохондоо хоёр талтай мэт. Нэг талаас, эмнэлгийнхэн шинэ дарга буюу Ц.Энхбаярыг хүлээн авахгүй хэмээгээд ийн аяглав. Нөгөө талаас, ЭМ-ийн сайд Н.Удвал түүнийг хүч түрэн томилохыг хичээв. Энэ нь бас л нэг “бантан” хутгаж орхих нь тэр. Уг нь “А” зэрэглэлийн эмнэлгийн удирдлагыг сонгон шалгаруулалтаар шийднэ гэсэн дүрэмтэй юм билээ.
Тэр Ц.Энхбаяр түүнд нь тэнцээгүй гэж байгаа. Энэ хоёрын завсарт эрдэнэт хүний амь нас эгээтэй л эндчихэлгүй өнөөдөртэй золголоо. Энэ ч уг нь тийм ч хачин юм бас биш. Манайд хууль бус юм бишгүй дээ л байдаг биз дээ. За, өнгөрсөн долоон хоногийн улс төрийн амьдралаар нэг иймэрхүү л байх шив дээ.
Г.Мөнхнасан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ