Л.Эрдэнэчимэг: "Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна"

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой байсан асуудлууд намрын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Таны хувьд эдийн засгийн хүнд байдлаас гарах гарцыг юу гэж тодорхойлж байгаа вэ?
-Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудал байгаа. Гэтэл энэхүү хуулийн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талаар сүрхий зүйл ажиглагдахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид яагаад үргэсэн гэсэн шалтгаанаа зөв тодорхойлж чадсан уу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Дэлхийн зах зээлд монголоос хөрөнгө оруулалт хийгээд тэр нь нэг бүтээгдэхүүн болж, ашиг олно. Ингэж байж л хөрөнгө оруулалт орж ирнэ. Хэрвээ тэр зах зээлийн нөхцөл байдал нь муухан байгаад байвал бид гоё хууль гаргаад хэн ирэхгүй.
Миний хувьд энэ хууль батлагдаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж гэж бодохгүй байна. Тогтвортой байдлын тухай асуудал тэд нарын анхаарлыг татна. Тэр тогтвортой байдлаас хувь хүнийхээ хувьд эмээж байна. Яагаад гэвэл 1995 онд Тогтвортой байдлын тухай хууль гаргаад бид олон зүйлээ алдсан. Тийм л зүйл битгий болоосой гэж бодож байна. Тухайлбал, усны асуудал дээр тогтвортой байдлыг бий болгох гэсэн санаа явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид ирээд усаа хэрэглээд уул уурхайгаа явуулаад гараад явчихна. Харин ус гэдэг асуудал хөндөгдөөд л үлдэнэ. Манай улсад ус ямар амин чухал байгааг бүгд мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар компани нэг төгрөгөөр хэрэглэж байхад иргэн дөрвөн төгрөгөөр хэрэглэж байна. Энэ байдлаа тогтворжуулаад өгөх нь тийм аятайхан зүйл биш.
-Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн хувьд лоббинд өртөх магадлалтай хэмээн таамаглаж байгаа?
-Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг энэ намрын чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ хуулийг анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулж эхэлсэн. Ер нь Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаанд архины асуудалтай тэмцсээр ирсэний нэг нь энэ хууль. Мэдээж лобби явагдах л байлгүй.Улстөрд маш их хүчтэй лобби явдаг гэдгийг Тамхины хяналтын тухай хууль дээр мэдэрсэн.Гэхдээ бид лоббид автахгүйгээр хууль баталж болдгийг тамхины хууль дээр харуулсан. Тиймээс энэ хуулийг ямар нэгэн лоббид автахгүйгээр батлуулна. Хамгийн гол нь УИХ-ын Тамгын газраас энэ хуулийг хэлэлцэх асуудлынхаа хуваарьт оруулж өгөх үү гэдэг чухал. Бид сануулахгүйгээр хойш нь тавиад байх хүчин зүйл байдаг. Гэхдээ архидан сонгууруулахтай тэмцэх тухай хууль нийгэмд маш их хүлээлт үүсгэж байгааг гишүүн бүр ойлгож байгаа байх. Тиймээс энэ хуулийг батлах ёстой гэдэг дээр бүгдээрээ идэвхитэй байна байх. Одоогоор мэдэгдэж байгаа юм алга. Бид архидан согууруулахтай тэмцэх тухай хуулийн талаар яриад, иймэрхүү заалт орон гэж байгаа талаар яриад эхлэнгүүт дайралтууд нэлээд ирж байна. Тэр нь захиалгатай байдаг юм уу, тодорхой хувь хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд таалагдахгүй байгаа юмаа захиалж бичүүлдэг юм уу мэдэхгүй л байна.
-Тамхины хянатын тухай хуулийг хэрэгжилт дээр зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүний нэгэн адил болох вий дээ гэсэн хардлага ч бас нийгэмд байна?
-Эмэгтэй гишүүдийн зүгээс өмнөх хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж гэх шүүмжлэл яваад байх шиг байгаа юм. Гэхдээ энэ хууль хэрэгжихгүй болохоо больсон гэж ерөөсөө бодохгүй байгаа. Сая хийсэн шалгалтаар ч гэсэн 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа. Хүмүүс хамгийн гол нь яагаад хэрэгжихгүй байна гэж шүүмжлээд байгаа гэхээр гудамжид тамхи татаад байгааг л тэгж хараад байгаа. Гэхдээ хуульдаа гудамжинд тамхи татахыг хориглоогүй учраас хэрэгжихгүй байна гэж үзэж болохгүй. Харин нууцаар тамхи зарж байгаа асуудлыг бол шүүмжилж болно. Гэхдээ түүнийг илрүүлэхэд жаахан хүндрэлтэй тал байгаа. Нууцаар тамхи зарж, авч байгаа гэдэг хэн ч гэсэн хууль зөрчөөд нууцаар тамхи зараад байхыг хүсэхгүй. Тодорхой хугацааны дараа энэ тодорхой шахалтад орж арилах байх аа гэж найдаж байна. Үүнтэй адилхан Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн тухайд тодорхой зохицуулалтуудыг хийж өгч байгаа. Түүнээс биш хориглосон заалт орохгүй байгаа.
-Ямар зохицуулалтаар согтууруулах ундааг хязгаарлах вэ?
-Нэгдүгээр тавигдаж байгаа хаалт бол архи зардаг дэлгүүрүүдийг бий болгох. Ер нь дэлхийн олон улс оронд архийг тусгай дэлгүүрүүдэд зардаг болсон. Гэхдээ хатуулаг ихтэй 38-аас дээш градустай архинуудаа заруулахгүй гэж байгаа. Тэгэхээр найман нэрийн барааны бүх дэлгүүр архи зарах эрхээ хасуулна гэж ойлгох хэрэгтэй. Архинаас хэдэн хувийн ашгаа олдог талаарх тооцоо алга байна. Гэтэл найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ардаа гэр бүл тэжээдэг гэдгээрээ тэр хүмүүст хатуу хууль болно. Гэхдээ энэ хууль өнөөдөр биш гэхэд хоёр гурван жилийн дараа заавал хэрэгжинэ. Нэг ёсондоо архи, тамхи гэдэг хороор ашиг олдог сэтгэлгээнээсээ одоо салах хэрэгтэй.
-Тусгай дэлгүүрийн эрхийг яаж олгох вэ?
-Тусгай дэлгүүрээр архи зарагдахдаа хамрах хүрээ нь нэлээд том болно. Одоо 300 хүн тутамд нэг архины дэлгүүр оногдож байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар 3000 хүнд хамаарах байдлаар зааглаж өгнө. Тэгэхээр нэг сум нэг л архины дэлгүүртэй байх юм. Дүүрэгт хүн амын тоотой нь харьцуулж зохицуулах юм. Архины дэлгүүр цөөхөн байна гэдэг архи худалдаж авахын тулд ямар ч төлөвлөлт хийдэг болно. Төлөвлөж архи ууна гэдэг хариуцлагатай архидалтын хэлбэр болох гээд байгаа биз. Түүнд зарцуулах тээврийн зардал мөнгөө хүн төлөвлөж таарна биз. Энэ нь цаагуураа хүмүүс архийг их хэрэглэхгүй байх сэтгэлзүйд суралцдаг гэдэг юм. Нөгөөтэйгүүр хүнсний дэлгүүрт архи дарах нь өсвөр насныханд архи уух сэдлийг байнга төрүүлж байдаг гэж үздэг юм билээ. Архи хамгийн гоё шошготой, сайхан амттай, миний аав ээж уудаг гээд хэрэглэх хүсэл төрдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тусгай дэлгүүрүүд хяналтад маш сайн ордог. Цагдаагийн байгууллагатай олбоотой, камертай байх юм. цагдаагийнхан хянаж байдаг, нэг бол дуртай үедээ ирээд камерийг нь шалгаж үзэх эрх зүйн боломжтой байх юм. Найман цагт хаах ёстой дэлгүүр 08:01 гэхэд хаасан байвал эрхээ хасуулна гэсэн үг. Дээрээс хатуулаг ихтэй архи авч байгаа хүн бүр иргэний үнэмлэхээ шалгуулах юм. Гадаадад бол заавал шалгадаг.
-Түлхүү борлуулалт дээр нь анхаарсан байна. Үйлдвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?
-Хүмүүсийн архины хэрэглээг багасгаж өгөх ньих чухал байгаа юм. Худалдаж авах эрх нь байж байгаа. Түүнд хүрэх боломж нь жаахан багасаад ирнэ. Ихэвчлэн та баар цэнгээний газарт уух боломжийг нь бүрдүүлж өгнө. Гэр орондоо ууж байхаас илүү зориулалтын газар уух нь хэрэглээ багасахад нөлөөлнө гэж үзээд байгаа юм. Хэрэглээ багасаад ирэхээр үйлдвэрлэл өөрөө багасна. Архины үйлдвэрүүдэд чанарын шаардлагыг чанга тавьж өгнө. Түүнээс биш архины дэлгүүрүүдэд үйлдвэрлэх архиных нь тоо хэмжээг хязгаарлах нь өөрөө зах зээлийн зарчимд нийцэхгүй л дээ. Тэднийг архиа хангалттай хэмжээнд үйлдвэрлээд явах боломжтой ч бүх төрлийн кеар сурталчилгааг нь хааж байгаа. нөгөөтэйгүүр спонсорлох, ивээн тэтгэх бүх эрхийг нь хааж байгаа. Ингээд ирэхээр архины үйлдвэрлэл эрс багасна гэж үзээд байгаа.
-Тамхитай адил мөн л далд байдлаар зарах юм биш үү?
-Архины далд бизнес гарч ирэх нь ойлгомжтой. Гэхдээ бид архины далд бизнес гараад, хуурамч архи уугаал, хүмүүс хордож үхнэ гэсэн сэтгэлгээнээсээ одоо салах ёстой. Хууль гарсан бол түүнийг хэрэгжүүлэх нь цагдаагийн төдийгүй иргэний үүрэг. Бид цагдаа нарыг ажлаа хийхийг шаардана. Нөгөө талаар дэлгүүр, эсвэл шаглан зарж байгаа хүмүүс цагдаагаас айдаг байх ёстой. 10 мянга биш сая төгрөгөөр торгуулна гэж айдаг байх ёстой. Тиймээс бид торгуулийн хэмжээг өндөр тусгасан. Тамхины хуульд бид өндөр зааж өгсөн. Тамхи татсан бол 50 мянга, зарвал сая төгрөг. Манай цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хүн хүчний хувьд хүрэхгүй байгаа. Гэхдээ Хууль зүйн яамнаас өргөн барьсан хуульд нийтийн цагдаатай болох талаар зааж байгаа юм билээ. Тэдэнд торгох эрх нь байдаг. Тамхи татахгүй газар тамхи татах юм бол бариад авч болох нь. Манайхан чинь гадаа, энд тэнд цуглаад архи уух нь элбэл байдаг шүү дээ. Энэ байдал үгүй болно гэсэн үг. Нийтийн цагдаа гарч ирвэл архи, тамхи, хог хаягдлын тухай хууль хэрэгжихэд маш их хэрэгтэй байгаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ