Гишүүд дахиад л тэрбумыг авах уу

Хоосон шахуу “халаастай” Засгийн газар дэнжигнэж байна. Учир нь улс орны эдийн засаг хүндхэн байдалд орж, гадаадын хөрөнгө оруулалт буурч, амийг нь аргацааж байсан “Чингис” бонд дууссан.
Гэтэл Ерөнхий сайд болон салбарын сайд нь ”манай улсын эдийн засаг өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буураад байна” хэмээн хаанаас гаргаж ирсэн гэмээр хачин тоо баримт дурдсан нь ардын сэтгэлд нийцээгүй. Энэ байдлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүйд хүрсэн тул ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, асуудлыг шийдэх гэж оролдсон. Гэвч Засгийн газрын боловсруулсан хуулиуд нь цоорхой ихтэй байна хэмээн намын бүлгүүд үзэж, намрын чуулган руу шилжүүлэв.
“Рио Тинто”-той байгуулсан гэрээнд ан цав үүсч, далд уурхай зогсонги байдалд шилжлээ. Хөрөнгө оруулалтаа зогсоосон нь манай улсын эдийн засгийг хүндхэн байдалд оруулахад хүргэжээ. Засгийн газар ч өөрийн байр суурин дээрээ хатуу зогсч байсан ч удаан үргэлжилсэнгүй. Оюутолгой компанийн Монголын талын ТУЗ-ийнн гишүүдийг шинээр томилж, Лондон руу илгээсэн. Тэд ч зорилгоо биелүүлж, хэлэлцээрт суухаар болов.
Ийнхүү улс орны эдийн засаг хүндхэн байхад зарим нэг гишүүн УИХ-ын гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөгийг дахин өгөх талаар хуулийн төсөл санаачилж байгаа сурагтай. Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат энэхүү хуулийн төслийг санаачилсан бөгөөд одоогоор гишүүдийн дунд ганцаарчилсан лоббидох ажлаа хийж байгаа аж.
Ийнхүү намын ах Х.Баттулгаар хөтлүүлэн УИХ-д орж ирсэн тэрбээр улс орны эдийн засаг хүндхэн байхад түүнд нэрмээс болсон хуулийн төсөл санаачилж байгаа нь эх орноо гэсэн өчүүхэн сэтгэл алга.
Угтаа бол Шинэчлэлийн Засгийн газар нэгэн том “түүхэн амжилт” гаргаж, ард түмнээс “онц” дүн авсан ажил бол гишүүдийн жил бүр авдаг тэрбум төгрөгийг улсын төсвөөс хассан явдал юм. Өмнөх тэрбум төгрөгүүд нь юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл бүрхэг байгаа. Эрхэм гишүүд ч хаа явсан газартаа “Миний нэг тэрбум төгрөгөөр...” гэж эхлээд л баахан бахархалт тайлбар хэлдэг. Гэсэн хэрнээ танхимд ороод юм уу, камерын өмнө суухаараа “Гишүүдийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Орон нутгийнхаа хөрөнгө оруулалтын жагсаалтад ороод л хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа” гэж төв царайлна. Энэ бол тэрбумын төлөө амиа тавьж байгаа гишүүдийн үнэн төрх.
Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдаж, 76 тэрбум төгрөг гишүүдийн халаасыг зузаатгах дээрээ тулбал Монгол Улсын эдийн засгийн уналтад орно гэдгийг бүгд л мэдэж байгаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ