"Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлгээ өгнө"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг хамгаалагчаа хутгалсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага болон Н.Номтойбаярын өмгөөлөгчийн мэдээлэл зөрөлдөж байсан.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр албан ёсоор мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би тэр өдөр Шинэ дэлхий телевизийн Н.Энх-Эрдэнэ, Н.Батзориг, Н.Ариунбаатар нарын хүмүүстэй ажил ярьж байсан. Харин Н.Нямдоржийг таньдаг байсан. Хутгалсан, хутгалаагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас ав. Би хүн хутгалаагүй. Ямартай ч цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг өгөхийг шаардсан. Энэ дагуу би очиж мэдүүлгээ өгнө" гэлээ.

Юутай ч цагдаагийн байгууллагаас түүнийг хамгаалагчаа хутгалсан гэж мэдээлэл хийсэн бол Н.Номтойбаяр гишүүн үүнийг үгүйсгэхээр байна. Тэрбээр өөрийгөө шалгуулах хүсэлтээ УИХ-ын дэргэдэх Ёсзүйн хороонд гаргасан ч тус хорооны дарга М.Батчимэг “Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг манай хороо шалгах ёсгүй. Хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл энэ асуудал манай хороонд хамааралгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм байна.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ